"Анна каренина" жүжиг үзсэн хүмүүсийг энэ сарын 9, 10-нд 09.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т ирж PCR шинжилгээ өгөхийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр оройны УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр уриалав.
УДЭТ-ын "Анна каренина" жүжгийн уран бүтээлч, ажилчин болон үзэгч зэрэг 54 хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Тус жүжгийг энэ сарын 3-6-ны өдөр нийт 900 гаруй хүн үзсэн байна. Халдварын нууц үеийг 4-5 дахь өдөр нь илрүүлэх магадлал хамгийн өндөрт байдаг тул шинжилгээ авах хугацааг энэ сарын 9, 10 гэж товложээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан УДЭТ-аас энэ сарын 7-14-ны бүх үзвэрээ хойшлуулахаа мэдэгдээд байна.
Халдвар авсан хүмүүсийг харьяаллаар нь задалбал,
- Баянгол дүүрэгт 11
- Баянзүрх дүүрэгт 17
- Сүхбаатар дүүрэгт 6
- Сонгинохайрхан дүүрэгт 9
- Хан-Уул дүүрэгт 5
- Чингэлтэй дүүрэгт 6 байна. Энэ хүмүүс өмнө нь өндөр эрсдэлтэй хэмээн мэдээлж байсан хороодод амьдарч байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ онцолсон юм.