Үзвэр, үйлчилгээг хорих саналаа маргааш Засгийн газарт танилцуулна

оруулсан Алсын Хараа

Халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул нийслэлд зохион байгуулж буй үзвэр үйлчилгээг хойшлуулах саналаа НОК-оос Засгийн газарт хүргүүлж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээллээ. 

Тэрбээр, "УДЭТ-ын "Анна каренина" жүжгийн үзвэрээс коронавирусээр халдварласан 54 тохиолдол өнөөдөр илэрсэн. Тус жүжгийг энэ сарын 3-6-ны өдөр нийт 900 гаруй хүн үзсэн байна. Тэдгээрийг энэ сарын 9-10-нд PCR шинжилгээнд хамруулахаар болж байгаа аж. Халдварын тархалтын тоонд сандарч тэвдэх хэрэггүй. Бид хөл хөдөлгөөн нэмэгдвэл халдварын тоо ихэснэ гэдгийг анх тооцож байсан. Тиймээс Улаанбаатар хотын иргэддээ хотоо эрүүл болгохын тулд найр наадам, цуглаанд оролцохгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна" хэмээв. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэм сахин зохион байгуулах байсан ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тэдгээрийг хойшлуулах, хот эрсдэлгүй болсон үед үргэлжлүүлэх нь зүйтэй гэж НОК үзсэн гэдгийг тэрээр тэмдэглэв.

Энэ саналаа маргааш 09.00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахаа илэрхийлэв. Мөн халдвар тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг олон хүн цугларсан газар очихгүй байхыг уриаллаа.

Сэтгэгдэл бичих