ОУХМ Б.Гончигсүрэн Их дуулгын хүрэл медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

Ташкент хотноо болж буй “Tashkent Grand Slam 2021” их дуулгын -100 кг жингийн дагах барилдаанд ОУХМ Б.Гончигсүрэн Беларусийн Микита Свиридийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Тэрбээр өөрийн жингийн хэсгийн аваргын төлөө Бельгийн Тома Никифоровтой барилдан ялагдсан ч М.Свиридтэй хүч үзэн ийнхүү яллаа. Улмаар Узбекистаны Аклмуродбек Худоёбердиевтэй барилдан ялж хүрэл медалийн эзэн болов.

Харин ОУХМ Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөө Узбекистаны Аклмуродбек Худоёбердиевтэй барилдан ялагдав. Дагах барилдаанд гэмтэлтэй байсан ч Узбекистаны жүдоч Музаффарбек Туробоевтой барилдаж ялагдлаа.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан  ОУХМ Г.Алтанбагана 2 дугаар тойрогт Эстонийн Клен Кристофер Калюлайдад, ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-д ОХУ-ын Антон Кривобоковт тус тус ялагдаж тэмцээнээ дуусгав. Мөн эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт Узбекистаны Рината Илматовад ялагдлаа.

Ташкентын Их дуулгад оролцсон үндэсний шигшээ багуудаас Японы шигшээ баг 7 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлсэн бол Монголын шигшээ 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай удаалж, БНСУ-ын баг 1 алт, 2 хүрэл, Бельги 1 алт, 1 хүрэл, Итали 1 алтан медальтай 3, 4, 5 дугаар байрт шалгарлаа.

Сэтгэгдэл бичих