/Ukrinform/. Хятадаас үйл ажиллагаа явуулдаг хакерууд “Microsoft Exchange” цахим шуудангийн үйлчилгээний сул талыг ашиглан, АНУ-ын олон мянган байгууллагын мэдээлэлд нэвтэрчээ.
Цагаан ордон энэ нөхцөл байдлыг үндэсний эрх ашигт нь тулгараад буй бодит бөгөөд байнгын аюул занал гэж тодорхойлоод, “Microsoft Exchange”-ийн цахим шуудангийн сервер ашигладаг бүх компанийг нэн даруй тохирох шинэчлэлтийг суулгахыг уриалав.
“Microsoft”-ыг хакердсан тухай мягмар гарагт мэдээлсэн боловч хохирлын хэмжээ одоо л тодорхой болжээ. Стратегийн ач холбогдол бүхий хэдэн зуун мянган компани баримт бичиг солилцдог энэхүү платформыг ашигладаг байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн хэлснээр, Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа “Microsoft” шиг том компанийн серверүүд эмзэг байгаад туйлын их санаа зовж байна. Энэ нь "аймшигтай, гүн гүнзгий уршиг дагуулж болзошгүй" гэж Вашингтон болгоомжилж байгаа аж.
“Microsoft Exchange”-ийн серверүүдэд нэвтрэх боломжийг хакеруудад олгосон аюулгүй байдлын систем дэх алдааг арилгахын тулд компани шаргуу ажиллаж байна гэж “Microsoft”-ийн дэд ерөнхийлөгч Том Берт мэдэгджээ.
Халдлагыг “Hafnium” хэмээх бүлэглэл Хятадаас үйлдсэн байх магадлал өндөр гэж “Microsoft”-ийн аюулгүй байдлын албаны ажилтнууд мэдэгдэж байна. Энэ нь нэг хүн эсвэл бүлэг хүмүүс эсэх нь тодорхойгүй байгаа аж.