Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр коронавируст халдварын дөрвөн тохиолдол батлагдаж тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа TBS телевизэд өгсөн тодруулгадаа мэдээллээ.
Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд хоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн “З” буяны ажил явдалд оролцохоор PCR шинжилгээ өгөлгүй "хулгайн" буюу стандартын бус замаар ирээд буцсан байна. Улаанбаатар хотод эргэн очихдоо шинжилгээ өгснөөр, гуравдугаар сарын 4-ний өдөр эерэг хариу гарчээ. Улмаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авчээ.
Өчигдөр 15.00 цагийн үед 58 хүний шинжилгээний хариу сөрөг, дөрвийнх нь эерэг гарсан тухай ХӨСҮТ-өөс аймгийн Онцгой комисст мэдэгджээ. Иймд Төв аймгийн Зуунмод хот руу орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, сум дотроо "тэг" зогсолт хийж, хавьтлын явсан зам, маршрутыг тодруулахаар ажиллаж байгааг аймгийн ОБГ-ын дарга Н.Төмөрбаатар хэллээ.
Үүнтэй холбогдуулж Төв аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 6-ны А/146 дугаар захирамж гарч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив. Тодруулбал, 3 дугаар сарын 6-ны өдөр 4 хүний шинжилгээний хариу эерэг гарч, Зуунмод суманд халдвартай 4 тохиолдол батлагдсан. Иймээс тус суманд хөл хорионы дэглэмийг энэ сарын 6-ны өдрийн 20.00 цагаас 3 дугаар сарын 11-ний өдрийн 20.00 цаг хүртэл тогтоожээ.