Узбекистаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн “Tashkent Grand Slam 2021” Их дуулга өнөөдөр эхэлж байна.
Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн аварга болон мөнгө, хүрэл медальтнууд тодорно.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-д эхний тойрогт хийлсэн бөгөөд 2 дугаар тойрогт ОХУ, Энэтхэгийн тамирчдын хэн ялсантай барилдана. Харин 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогтоо Италийн бөхийг ялсан бөгөөд Японы Дэлхийн аварга жүдоч Абэ Ута-тай хүч үзнэ. Энэ жинд ОУХМ Л.Сосорбарам эхний тойрогт Португалийн бөхийг ялж дараагийн Узбекистаны бөхтэй барилдана.
Гавьяат тамирчин Д.Сумъяа 57 кг-д эхний тойрогтоо Узбекистаны бөхтэй учраа таарсан бол Л.Энхрийлэн Израилын жүдочтой эхэлж барилдана. Өнөөдрийн 13.45 цагийн байдлаар, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Л.Өнөболд Афганистаны бөхийг эхний тойрогт ялсан бөгөөд удахгүй Японы жүдочтой барилдана. Харин энэ жинд ОУХМ Э.Ариунболд Турк жүдочид ялагдсан байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн Узбекистаны бөхийг ялаад одоо Перугийн бөхтэй барилдах бол ОУХМ Ё.Басхүү Францын жүдочтой эхний даваанд учраа таарч яллаа.