УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн чуулганд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат парламентын гишүүний тангараг өргөх эрх нь нээгдсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхээс энэ оны нэгдүгээр сарын 16-нд Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Ж.Эрдэнэбатад ногдуулсан шийтгэх тогтоол хүчингүй болсон.
Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон ч Ж.Эрдэнэбат нар цагдан хоригдсон хэвээр байсан юм. Харин гуравдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргах шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл, уг хэргийг дахин эхнээс нь шалгаж эхлэх бол Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдлээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн албан ёсны дүнг үндэслэн тойрог тус бүрт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргадаг. Уг тогтоолын дагуу СЕХ-ноос хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд парламентын гишүүний үнэмлэх олгон, УИХ-ын чуулганы хуралдаанд тангараг өргүүлснээр гишүүний бүрэн эрх баталгааждаг.
Гэвч Ж.Эрдэнэбатын тухайд сонгуульд нэр дэвшин, сурталчилгааны ажлаар тойрогтоо ажиллаж байх хугацаандаа баривчлагдсан. Хэдийгээр СЕХ-ноос түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон боловч цагдан хоригдож байсан учир гишүүний үнэмлэхээ гардаж, тангараг өргөж чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ. Түүнийг тангарах өргүүлэх эрх нь УИХ-д буй. УИХ өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлснээр хэргийг шалгах ажиллагаа болон УИХ-ын гишүүний бүрэн эрх зөрчилдөх магадлалтай юм.
Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.