Монгол Ардын нам /МАН/-ын 100 жилийн ойд зориулсан “Монгол Ардын Намын түүх”, “Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон” номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш–Ёндон, Доктор (PhD), профессор Н.Хишигт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, академич Ж.Болдбаатар, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор З.Лонжид нар оролцлоо.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ёслолыг нээж хэлэхдээ, “МАН-ын 100 жилийн ой бол дан ганц намын гишүүдийн баяр биш, Монголд тэр дундаа төв Азид анхлан улс төрийн нам байгуулагдсан түүхэн ойн жил. Улс төрийн нам байгуулагдаж улс үндэстнийг удирдан манлайлж, өнөөгийн соёлт нийгмийг бий болгоход оруулсан хувь нэмрийг дүгнэн хэлэлцэх жил юм" хэмээн тэмдэглэв.
Тэрбээр, МАН-ын түүхэн замналыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид олон жилийн турш судалж, асар их материал цуглуулсныг тэмдэглээд, тэдгээрт үндэслэж намын 90 жилийн ойгоор "Монгол Ардын Намын түүх" есөн боть гарч байсныг онцлов. МАН-ын 100 жилийн ойд зориулж эдгээр есөн ботийг нэг ботид багтаан дахин хэвлэж байгааг тодотголоо.
Доктор, профессор Н.Хишигт, “Монгол Ардын Намын 100 жилийн ой бол Монголын түүхийн томоохон үйл явдлуудын нэг. "Монгол Ардын Намын түүх" ном бол Монголын орчин үеийн түүхээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид мөн намын үе үеийн зүтгэлтнүүдийн оролцсон хамтын бүтээл бөгөөд 1990 оноос эхэлсэн Монголын түүх бичлэгийн шинэ үеийн томоохон бүтээлүүдийн нэгд зүй ёсоор орно" хэмээн тэмдэглэв. Тэрээр, 1990-ээд оноос эхэлсэн Монголын түүхийн бичлэгийн бүхий л ололт, аливаа үзэл суртлаас ангид байх, судалгааны их бааз суурь өргөжсөн үед түүхийг үзэх шинэ үзэл хандлагыг тусгаж бичсэнээрээ онцлог гэлээ.
"Монгол Ардын Намын Түүх" номын наймдугаар ботид буюу 1983-1992 оны түүхэн хэсэг бичигдээгүй байсан аж. Тэгвэл МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан "Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон" номд энэ түүхийг нэмж, есөн боть номоо нэг ботид багтааснаараа онцлог аж. Түүнээс гадна намын гаргасан онцгой шийдвэр, үр нөлөөний тухай он цагийн хэлхээсээр харуулсан цаглавар бүхий түүхэн зурагтай, англи орчуулгатай юм.