АН-ын даргын сонгууль энэ сарын 28-нд болно

оруулсан Алсын Хараа

Ардчилсан намын даргын сонгуулийн санал авах өдрийг энэ сарын 28-нд товлосон талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр мэдээллээ.

Тус нам үүсээд байсан маргаанаа эцэслэж, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийнхээ дагуу явах шийдэлд хүрчээ. Иймд дөрөвдүгээр сарын 25-нд товлоод байсан намын даргын сонгуулийн санал хураах өдрийг ийнхүү нааш нь татсан байна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-ны өдөр болно. Харин Ардчилсан намын даргад нэр дэвшигчид энэ сарын 4, 5-нд хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэлдээ тэмдэглэв.

Энэхүү сонгуульд Ардчилсан намын 200 мянган гишүүн санал өгөх эрхтэй бөгөөд олонхын дэмжлэг авсан хүнийг намын даргаар хүлээн зөвшөөрөх юм.

Ардчилсан намын дүрмийн дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж оролцсон дэд дарга, нарийн бичгийн дарга зэрэг албаныхан намын даргын сонгуульд нэр дэвших эрхгүй аж.

Сэтгэгдэл бичих