/China Daily/. Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo” 2030 он гэхэд дан цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани болохоор төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
Хятадын “Geely” группийн эзэмшилд байдаг “Volvo” 2025 он гэхэд худалдаалж буй автомашинуудынхаа 50 хувийг цахилгаан, үлдсэн хувийг нь хос хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины эрэлт ихээхэн нэмэгдсэнтэй холбогдуулан “Volvo” ийнхүү шийдвэрлэсэн байна. Тус компани анхны бүрэн цахилгаан автомашин болох “XC40 Recharge”-г өнгөрсөн онд танилцуулжээ.
Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтыг хангахын тулд утаа ялгаруулдаггүй технологийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр Их Британийн “Jaguar” компани 2025 он гэхэд дан цахилгаан автомашин үйлдвэрлэгч болно гэж мэдэгдсэн бол АНУ-ын “General Motors” компани ийм зорилтод 2035 онд хүрэхээр төлөвлөж байгаагаа нэгдүгээр сард мэдэгдсэн билээ.