Хар тамхины хэрэгт холбогдож хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн дуучин Б.Амархүүг хугацаанаас нь өмнө магадлангаар суллажээ.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хоригдох хугацааныхаа 80 хувийг эдэлсэн тул түүнийг магадланд оруулж, хорих ангиас өнгөрсөн сард сулласан байна.
Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө мансуурсан байдалтай байх үед нь цагдаагийн алба хаагчид баривчилж урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Улмаар 2019 оны аравдугаар 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байв.
Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг нягтлаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.