/interfax/. АНУ-ын долларын ханш чангарч, “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны сайд нарын уулзалтын эргэн тойрон дахь тодорхойгүй байдалтай холбоотойгоор нефтийн үнэ буурчээ.
“ОПЕК +” бүлгийн техникийн хороо гуравдугаар сарын 2-нд нефтийн зах зээлийн нөхцөл байдлыг судалж, Сайд нарын Хяналтын Хороонд (JMMC) зөвлөмж гаргах бөгөөд хорооноос гарсан дүгнэлтийг “ОПЕК +” бүлгийн орнуудын сайд нар хэлэлцэх юм.
Лондоны “ICE Futures” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1.16 хувиар буурч, нэг торх нь 62.93 ам.доллар болжээ. Даваа гарагт “Brent” 1.1 хувиар буурч, нэг торх нь 63.69 ам.доллароор арилжаалагдсан байна.
Нью-Йоркийн бирж дээр (NYMEX) “WTI” маркийн нефтийн тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1.34 хувиар буурч, нэг торх нь 59.93 ам.доллар болсон бол өмнөх өдрийн арилжааны явцад 1.4 хувиар унаж, нэг торх нь 60.64 ам.долларт хүрчээ.
Дэлхийн зургаан гол валюттай харьцах ам.долларын ханшийг харуулдаг “ICE Dollar Index” мягмар гарагт 0.2 хувиар өсжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчид дөрөвдүгээр сараас хойших олборлолтын хэмжээтэй холбоотой “ОПЕК+” бүлгийн шинэ шийдвэрийг хүлээж байна. Одоогийн байдлаар “ОПЕК+” бүлгийн орнууд олборлолтоо өдөрт 7.2 сая торхоор бууруулсан байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн гэрээний дагуу “ОПЕК +” олборлолтоо сар бүр 500 мянган торхоор нэмэгдүүлэх боломжтой.
Гэвч гуравдугаар сард хүрсэн тохиролцоогоор хэрэв Саудын Араб олборлолтын хэмжээг хоногт 1 сая торхоор сайн дураар бууруулах шийдвэрээ сунгахгүй байхаар шийдвэл дөрөвдүгээр сараас хойш олборлолт нэмэгдэж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Саудын Араб зэрэг зарим оролцогчид олборлолтын хэмжээг бууруулахыг дэмжсэн хэвээр байгаа бол ОХУ зэрэг зарим орон нефтийн үнэ мэдэгдэхүйц бэхжиж байгааг харгалзан олборлолтоо нэмэгдүүлэхийг зорьж буйтай холбоотойгоор “ОПЕК +” бүлгийн орнуудын удахгүй болох уулзалтын үеэр маргаан үүсэж болзошгүй байна.