Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 07.30 цагт салбар салбарын төлөөлөлтэй "эртэч цуврал уулзалт" зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа тэрбээр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж, тус салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцаж, санал солилцов.
Уг уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээвэр хөгжлийн сайд Г.Халтар, Соёлын сайд Ч.Номин нар болон аялал жуулчлалын салбарын мэргэжлийн 14 холбоодын удирдлага оролцож аялал жуулчлалын салбарт тулгараад буй асуудлыг олон талаас ярилцлаа. Тулгараад буй асуудлуудад зөв шийдэл гаргахад маргаж мэтгэлцэх бус ажил хэрэгч хандах нь чухлыг төр хувийн хэвшлийн хамтарсан тус уулзалтаас харж болохоор байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Цар тахалд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал. Энэ салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан ч сүүлдээ хувийн хэвшилдээ бүрэн даатгасан. Гэхдээ аялал жуулчлалын салбарт өнөөдрөөс шинэ хуудас эхэлж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл эхлээсэй гэж бодож байна” гэв. Тэрбээр өмнө нь чихэр мэт сайхан зүйл ярихгүй, харин сонсоход давс мэт шорвог ч бид бүхний ирээдүйд тустай зорилт дэвшүүлснээ хэлсэн удаатай. Ерөнхий сайд, салбарын сайд нар болон хувийн хэвшлийн оролцсон өглөөний уулзалтад ч түүний хэлснийг хувийн хэвшлийнхэн санууллаа. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд манай улсын аялал жуулчлалын салбарын амжилтаас гадна ирэх 100 хоног болон ойрын хугацаанд зайлшгүй яаралтай арга хэмжээ авах гарцыг энэ үеэр салбарын төлөөллүүд ярьсан юм.
Цар тахал Аялал жуучлалын салбарт хамгийн их нөлөөлсөн
Монголын аялал жуулчлалын салбар 2300 гаруй аж ахуй нэгж, 88,700 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа эрхэлдэг, 2020 онд дэлхий даяар үүссэн цар тахлын нөлөөгөөр салбарын үйл ажиллагаа зогсолтонд орж, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд байгаа аж. Тодруулбал, энэ талаар Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэлэхдээ, “Аялал жуулчлалын салбар 2019 онд 1.6 их наяд төгрөг буюу 607 сая долларыг Монголдоо оруулж ирсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.2 хувийг эзэлсэн. Харин 2020 онд орлого 65.8 хувиар буурсан нь Монгол улсын эдийн засгийн агшилтанд ч нөлөөлж байна. Энэ бууралтыг анхаарахгүй өнгөрч болохгүй” гэдгийг энэ үеэр онцолж байв.
Цар тахлын нөхцөл байдлыг дүрсэлж буй дөрвөн өнгийн хэмжээсээр аялал жуулчлалын салбарыг үнэлбэл үзвэр үйлчилгээ, соёл урлаг, ресторан зоогийн газрын үйлчилгээ ШАР/УЛБАР ШАР зааг дээр, жуулчны бааз, одын зэрэглэлтэй зочид буудал УЛБАР ШАР, жуулчны тур оператор байгууллага, авиа компаниуд УЛААН гэрэл нэгэнт асаад байгааг хэлж байлаа. Аюулын гэрлүүд ар араасаа дохио өгсний улмаас тус салбарт ажиллагсдын нийгмийн даатгал тасалдахад хүрсэн төдийгүй үүнийгээ дагаад ажил олгогчид ажилчдаа ажлын байраар хангахад тун хүнд нөхцөл үүсээд байгаа ажээ. Коронавирусийн халдвараас үүдсэн 17 сарын хугацаатай тэг зогсолтын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар элгээр хэвтэхэд бэлэн болсон гэдгийг мэргэжлийн холбоодын удирдлагууд хэлж байлаа. Тиймээс энэ тохиолдолд Засгаас гаргасан шийдвэр болон хамтын үйл ажиллагааны хүрээнд яаралтай арга хэмжээг, нэгдсэн удирдлагын дор авах хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд цар тахлаас шалтгаалж хилээ хааснаар тур операторууд ямар ч орлогогүй, “0” зогсолт хийсэн гэдгийг Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Барсболд уулзалтын үеэр хэллээ. Тэрбээр аялал жуулчлалын салбарынхан санхүүгийн хүнд байдалд орж компаниудаас 85 нь татан буугдсан, одоо 5800 ажилтан ажилгүй болох эрсдэлтэй байгааг ч дуулгасан юм.
Тэгвэл цаашдаа ямар гарц байх ёстой вэ? Энэ талаар мэргэжлийн холбоод ярилцаж, хэлэлцээд одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа олон аж ахуйн нэгжид тулгараад буй асуудлыг нийтэд нь нэгтгээд 300 гаруй санал шүүмжлэлийг хүлээн аваад байгаа аж. Тухайлбал, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, Монголын жуулчны баазуудын зөвлөлийн тэргүүн С.Алтантуяа, Хөтөчийн холбооны тэргүүн М.Нарангэрэл нар коронавируст халдварын нөлөөгөөр уналтад ороод буй аялал жуулчлалын салбарыг уналтаас гаргахын тулд “Тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж буй зочид буудлуудын төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх, зочид буудал, баазуудын газар, үл хөдлөх татвараас нэг жил чөлөөлөх, бусад боломжит татвар, лиценз, тусгай зөвшөөрлөөс түр чөлөөлөх”-ийг хувийн хэвшлийнхний нэрийн өмнөөс Засгийн газраас хүслээ. Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ийн хүрээнд гурван хувийн хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээлд олон жил тогтвортой ажиллаж байгаа түр оператор, буудал, жуулчны бааз, ресторануудад дампуурах, ажилчдаа ажилгүй болгохоос сэргийлж, уян хатан нөхцөлтэйгөөр хамруулбал ихээхэн дэмжлэг болохыг давхар хэлсэн юм. Тэд, “Бид салбараа хэцүү үед авч үлдэхийн төлөө сүүлчийн мөнгөө шавхлаа, банкны хүүнд дарагдлаа, аль болох ажлын байраа авч үлдэхийг хичээж байна, хөнгөлөлттэй зээлэнд хамрагдвал бид цомхотголд орсон ажилчдаа буцаагаад ажилд авч, үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломжтой болно. Энэ нь салбарын хөгжилд томоохон хувь нэмэр болно” гэдгийг ч илэрхийлж байлаа. Сангийн Сайд Б.Жавхлан зээлэнд хамрагдах хуулийн гарц байгааг хэлж, анхаарч, тусгахаа амалсан.
“Аялал жуулчлалын ногоон бүс – Монгол орон”
Ийнхүү үргэлжилсэн уулзалтаас салбарын хувийн хэвшлийнхэн хэд хэдэн шийдвэрийг яаралтай гаргахыг төр засгаас хүлээж буйгаа албан ёсоор хэлсэн юм.
Энэ талаар Ресторан зоогийн газрын холбооны тэргүүн, “Номадс” сүлжээ рестораны захирал М.Есөнмөнх хэлэхдээ, “Хамгийн түрүүнд гуравдугаар сарын нэгэн гэхэд хилээ нээх өдрөө албан ёсоор зарлаж, тавдугаар сарын 1-ний өдөр хилээ нээх саналтай байна. Мөн ойрын хугацаанд жуулчин хүлээн авах дүрэм журмаа гаргаж, жуулчидтай ажиллах ажилтнуудыг нэн тэргүүнд вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй байна.
Монгол Улсад 2020 онд ирэхээр төлөвлөж, захиалгаа өгсөн жуулчидын 40 орчим хувь нь 2021 онд хилээ нээвэл ирэх сонирхолтой байна (2019 онд 577,300 жуулчин ирсэн). Тиймээс төр засгаас дүрэм журам, шийдвэрээ хурдан гаргах тусам манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх, одоо байгаа боломжит жуулчдаа авах боломжтой. Бид вакцинжуулалтаа 60 хувь хийгээд “Аялал жуулчлалын Ногоон бүс” гэж зарлавал амжилт олно гэсэн юм.
Агаарын тээврийг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлснээр визийн үнийг буулгаж, илүү олон жуулчин татах боломжтой
Өнөөдрийн өөр нэг чухал асуудал бол агаарын тээврийг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлэх юм. Харамсалтай нь, энэ асуудлыг сүүлийн арван жил ярьсан ч өдийг хүртэл шийдэж чадаагүй байна.
Энэ үеэр “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, “Монгол Улс 2029 он гэхэд гурван сая жуулчин хүлээн авах боломжтой. Манай хоёр хөрш болон Япон, Солонгос, Хонконг жилд 340 сая жуулчин хүлээн авч байгаа. Монголд аялал жуулчлалтай холбоотой олон асуудал байгаагаас хамгийн чухал нь агаарын тээвэр” гэдгийг хэлж байв.
Аялал жуулчлалаа хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын туршлагаас судлахад дэд бүтэц, агаарын тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Энэ үнэн эсэхийг холоос бус хөрш орнуудаас харж болно. Нислэгийнхээ тоо, чиглэлийг нэмж, агаарын тээврийн салбарт шинэ авиа компаниудыг оруулж ирснээр өрсөлдөөн бий болно. Үүний дүнд чанарын тухай асуудал тулгарна гээд энэ салбарт зах зээлийнхээ аясыг даган олон улсад нээлттэй, чанаржих боломж бий. Нэг үеэ бодвол Монгол Улс Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалтай болж, удахгүй ашиглалтад орно.Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх тулгуур баганын нэг болсон агаарын тээврийн салбарыг эрс шинэчилж хүнд суртлыг арилгаж, зоригтой шийдэл хийхийг Засгийн газраас хүслээ. Агаарын тээврээр 2019 онд 1.2 сая хүн зорчсоны тал хувийг МИАТ тээвэрлэдэг. Агаарын тээврийн асуудлыг шийдвэрлэж чадвал 2029 онд 7.5 сая хүн тээвэрлэх бөгөөд Монгол Улс 3.2 сая жуулчин хүлээн авах боломжтой юм. Үүний зэрэгцээгээр дотооддоо нислэг үйлдэх нөхцөлийг хангах шаардлага ч үүсч байна. Ингэж чадвал гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой аж. Агаарын тээвэр чөлөөт өрсөлдөөнд орвол бидний хүсээд байгаа тийзийн үнэ шууд хямдарна.
Салбарынхны ярьж буйгаар “Кореан Аir” компанийн Ерөнхийлөгчийг Монголдоо урьж авчраад “МИАТ” компанитай нийлээд Солонгосоос нэг сая жуулчин авчиръя гэсэн санаачилгыг яагаад гаргаж болохгүй гэж. Солонгосууд халуун зун, сэрүүн салхинд аялах зугаалах дуртай байдаг. Тиймээс Монголд нисэх тийз хямдарч, виз саадгүй online авч боллоо гэсэн хэсэгхэн сурталчилгааг бодлогын төвшинд хийхэд тэд өөрсдөө хүрээд ирэх юм. Мөн Turkish Airline-ны Ерөнхийлөгчийг Монголд уриад туркээс нэг сая жуулчин оруулаад ирэх боломж нөхцөл байгааг ч хэлж байлаа. Монголын хувийн хэвшлийн нэг авиа компанитай хамт нислэгээ 7 хоногт 50, 50 хувиар хуваагаад үлдэхэд Турк болон Европоос ирэх нислэгийн тийз даруй 30 хувь буурах өндөр магадлалтай юм.
Нөгөө талаар “Аялал жуулчлалын хөгжлийн гол зүйлийн нэг нь визийн асуудал. Виз авах хүнд суртлын багасгаж online болговол жуулчны тоо 20 хувь ихэснэ гэсэн судалгаа байгааг мартаж болохгүй.
Цахим виз олгох асуудлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан шийднэ
Салбарын төлөөлөл визийг богино хугацаанд дэлхийн аль ч улсын иргэн гэртээ байж байгаад e-visa авах боломж бүрдүүлэх, цаашлаад Монголруу нислэг, буудлын өрөөгөө захиалж болох нэгдсэн платформтой болвол жуулчдын урсгалыг татах хөшүүрэг болохыг дурьдсан. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Монгол улс визээ хурдан, ээлтэй олгох зорилгоор цахим платформ хийж байгаа, энэхүү цахим шийдлийг Засгийн газрын эхний 100 хоногт багтааж гаргана гэдгээ уулзалтын үеэр хэлсэн.
Аялал жуучлалын салбарын засаглалыг сайжруулъя
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-нд аялал жуулчлалын салбар эдийн засгийн хөгжлийн зургаан үндсэн сурийн нэг.
Монгол Улс байгалийн баялгаас гадна хөгжүүлэх хөгжүүлэх олон салбартай гэдгийг тусгажээ. Ингэхдээ төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээг хөгжүүлэх бодлогын талаар багтаасан байна. Тиймээс одооноос энэ салбарын нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсад гарцтай болгох удирдлагаар хангах шаардлага үүсэх юм. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг төрөөс дэмжиж тогтвортой хөгжилд хүргэх засаглалыг бий болгохдоо Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалын үндэсний зөвлөл байгуулж ЗГХЭГ-ын дор “Үндэсний аялал жуулчлалын байгууллага” байгуулж ажиллах шаардлагатай байгааг мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл онцолсон. Олон улсад National Tourism Board гэж Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн хамтарсан иституц байдаг. Энэ байгууллага нь гадаадаас жуулчин авчруулж ирэх бүх PR, маркетинг, лобби хийдэг. Энэ байгууллагад санхүү хөрөнгөтэй оновчтой гадаад сурталчилгааг хийвэл төдий чинээ Монгол Улсыг гаднынхан мэдэж Монголд зорих болно. “Аялал жуулчлалын сан”-г сэргээж Бүсийн аялал жуулчлал, Түүх-Соёлын, адал явдал-спорт гэх мэтжуулчлын урсгалыг бий болгох нь жуулчин зорин очих чиглэлийг хөгжүүлэхэд маш чухал гэдгийг ч хэлж байлаа.
Аялал жуулчлалын салбарынхан нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаагаа явуулбал цаашдаа манай улс зуны хэдэн сар гэлтгүй өвлийн улиралд ч бүсчилсэн чиглэлээр гадаадын жуулчдыг хүлээн авах боломжтой. Судалгаанаас Монголд ирж байгаа нэг жуулчин 3-14 хоног саатдаг. Нэг жуулчин дунджаар манай улсад 902 ам.доллар үлдээдэг гэсэн статистик баримт бий. Зун, намрын дөрвөн сар жуулчин ирдэг биш, жилийн дөрвөн улиралд Монгол жуулчин ирэх боломжтой бөгөөд ойрын ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай байна. Өвөл, хавар, намар манай бүх буудал, жуулчны бааз, ресторан, дэлгүүр зах, интертаймэнт гээд жуулчны үйлчилгээний бүхий салбар үнээ хямдруулж гаднаас жуулчин авахад бэлэн, гагцхүү зах зээлээ Үндэсний аялал жуулчлалын байгууллагаар дамжуулж маркетинг хийх шаардлагатай байна.
Аялал жуулчлалын салбар 4.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой
Монголын аялал жуулчлалын холбоо ТББ-ын Ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ, "Монгол Улс аялал жуулчлалын хүчин чадлыг тогтоохдоо субъектив байдлаар биш, дэлхийн жишгийг авч үзэх хэрэгтэй. Нийлүүлэлт талаас газар нутгийн хэмжээ, жуулчин хоорондын зай, дундаж хоногийн тоо зэрэгт тулгуурлан тооцоолж үзэхэд дундаж багтаамж нь 7.5 сая байна. “Ойрын хугацаанд аялал жуулчлалын засаглалыг сайжруулж, нислэгээ чөлөөтэй болгож, виз хүнд сурталгүй болгоод нэгдсэн хүчтэй алхмууд хийвэл гурван сая жуулчин хүлээн авч 4.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.” Бид төр засгаас мөнгө гуйхаасаа илүү тодорхой алхмууд хийхийг хүсэж байгаа” гэв.
Аялал жуучлалын салбарыг Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоно
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт оролцсон уулзалтынхаа төгсгөлд хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Засгийн газар зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт цусны эргэлтийг нээе гэсэн бодлого баримталж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан асуудлуудыг нэгтгэн ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хурлаар хэлэлцэж, танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлуудыг нэгтэн анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана” гэлээ.
Эх сурвалж: News.mn