Коронавируст халдварын тоо 46 -гаар нэмэгдэж 2801 боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,801 бүртгэгдсэнээс 2,097 буюу 74.8 хувь нь эдгэрсэн.

Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна.

Халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна" гэлээ.

Одоогоор 689 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 7,
  • хүндэвтэр 62,
  • хөнгөн 619  хүн байгаа аж.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл вакцины талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- БНХАУ-аас манай улсаас манай улсад  300 мянган хүн тун Синофарм вакциныг хандивласан. Тус вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байна. Манай улс тус вакциныг дархлаажуулалтад хэрэглэх үү?- Синофарм үйлдвэр дэлхий дахинд вакцин үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог. Тус үйлдвэрийн олон вакциныг манай улс хэрэглэдэг. Коронавирусийн эсрэг вакцины хувьд Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу тухайн орны болон өөрийн орны албан ёсны үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэйгөөр хийж болно. Синофарм вакцин БНХАУ-ын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн учраас энэ вакциныг хэрэглэхэд хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй.  

Вакцинууд маш богино хугацаанд бүртгэгдсэн учраас бид ДЭМБ-ын яаралтай горимоор бүртгэсэн вакциныг энэ удаад хэрэглэж байгаа. ДЭМБ гуравдугаар сарын эхээр Синофарм вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл өгнө гэсэн мэдээлэлтэй байна.

Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд Синофарм вакцин уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн бөгөөд ийм аргаар үйлдвэрлэсэн вакцины үр дүнд эргэлзэх хэрэггүй.

- Коронавирусийн эсрэг вакциныг ямар хугацаанд хадгалах боломжтой вэ?

- Ямар ч вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэдэг. Хадгалах хугацаа, хэрэглэх заавар үйлдвэрлэгчээс ирэх бөгөөд чанд мөрддөг. Энэтхэг улсаас манайд нийлүүлсэн AstraZeneca-ийн Covishield вакциныг 2-8 хэмд хадгалах боломжтой. Тасалгааны температурт 6 цаг хадгалж болно.

Сэтгэгдэл бичих