Н.Энхбаяр: МАН, МАХН нэгдэх асуудлыг намын гишүүд, ард түмний санал асуулгаар шийдэх хэрэгтэй

оруулсан Алсын Хараа

Ардын хувьсгалын 100 жилийн босгон дээр МАН, МАХН нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь гэдэг мэдээлэл тарж эхэлсэн. Тэгвэл энэ асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо хариулт өгсөн байна.

Тэрбээр “100 жилийн ой бол үнэхээр том, түүхэн үйл явдал. Үүнийг зөвхөн Ардын нам, МАН-ын ой юм шигээр булаалдах хэрэггүй. Энэ бол монголд улс төрийн нам үүссэн ой. Тийм учраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудын баяр.

Ардын нам гэж нэг хэсэг нь нэрлэе гэсэн байгаа юм. Нөгөө хэсэг нь оросын нөлөөгөөр Хувьсгалт нам гэж нэрлэе гэсэн. Ингээд маргалдаж маргалдаж 1921 оны гуравдугаар сард хуралдахдаа дотооддоо Ардын нам, гадаадад Хувьсгалт нам байя гээд хоёр нэрийг зэрэг хэрэглэхээр тогтсон. Тийм учраас энэ хоёр нэр хоюулаа 100 жилийн настай. Бид нэг угшилтай.

Гэхдээ МАН-ын нөхдүүд нэг хэсэг олонхоороо шийдсэн, болоо гээд ширээ шаадаг байдалтай байсан. Харин бид үгүй, цөөнхийг эрх ашгийг дандаа бодолцох ёстой гэдэг байр суурьтай байсан. Яагаад гэвэл өнөөдрийн олонх маргаашийн цөөнх болж болно гэдэг зарчим дээр тулгуурласан социал демократ үзэлтэй нам.

МАНАН-гийн эсрэг тэмцье, байгалийн баялгийг ард түмний өмч болгоё, Оюутолгойн гэрээг буруу байгууллаа гэдэг дээр бидний зам салсан. Гэтэл сүүлийн үед МАН-ын удирдлагууд Оюутолгойн гэрээ буруу байсан юм байна, Дубайн гэрээ бүр буруу, байгалийн баялаг чинь ард түмний өмч юм биш үү, МАНАН гэдэг үзэгдэл ямар аймар үзэгдэл вэ гэж ярьж эхэлсэн. Ингэж бидний байр суурь, ярьдаг зүйл ойртож эхэлсэн.

Дарга бол ирнэ, явна. Солигдоно. Тэгэхээр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэдэг хүмүүс намынхаа гишүүдээс асуух хэрэгтэй. Түүнээс биш би энд нийлнэ, нийлэхгүй гээд мэдэмхийрээд суумааргүй байна. Ямар миний хувийн компани биш. Энэ бол хоёр намын дарга нарын шийдэх асуудал биш.

Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга гишүүдтэй хуралдаад шийдэх хэрэгтэй. Тэр битгий хэл ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр намын гишүүдийн олонх, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ.

Энэ нэвтрүүлэгт оролцож байгаагийн хувиар ард түмэндээ та бүхний мэргэн оюун ухаан үүнийг шийднэ гэж хэлье.

Энэ асуудал нэг тал руугаа гарвал бид Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо ярилцахаас өөр аргагүй. Нэгдэх шаардлагатай гэж үзвэл бас тусдаа асуудал бий болно" гэв.

Сэтгэгдэл бичих