"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг шийдвэрлэв

оруулсан Алсын Хараа

 “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн ажлыг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэж ажилласан эмнэлгийн удирдлагуудтай Эрүүл мэндийн сайд С.Энхболд цахимаар холбогдон талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 11-23-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдал, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллага Улсын онцгой комиссын удирдлага дор өргөн хүрээнд ажилласан юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол Улсын төр томоохон нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах өндөр чадамжтай гэдгийг харуулсан үйл явдал нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажил боллоо. Энэхүү ажилд Эрүүл мэндийн салбарынхан манлайлан оролцож, хамгийн чухал үүргийг гүйцэтгэн ажиллаж чадсанд салбарын сайдын хувьд баярлаж, талархаж буйгаа хэлье. 1900 гаруй эмч, эмнэлгийн албан хаагч 24 цагаар 12 хоногийн турш шинжилгээ авах ажилд дайчлагдаж 500 гаруй мянган шинжилгээг хийж, хариуг нь гарган ажилласан нь Монгол Улсад “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулах ажлыг эхүүлэх үндсэн суурь болж чадав. Өчигдөр вакцинжуулалт эхэлж, эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагч нар энэ өдрүүдэд вакцинжуулалтад хамрагдаж байна. 12 хоногийн турш хичээж ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, албан хаагчдынхаа илүү цаг, урамшууллыг өнөөдөр шийдвэрлэсэн гэдгээ та бүхэнд хэлэхдээ таатай байна” гэв.

Цахим уулзалтад оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид ажиллах арга барилаа танилцуулав. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд “COVID-19”-ийг илрүүлэх шинжилгээний лаборатори хэвийн ажиллах нөхцөлд бүрдэж, тогтмол шинжилгээг цаашид авахад хүндрэл гарахгүй болсон гэдгийг онцолж байсан юм.

Сэтгэгдэл бичих