ШУА-ийн ээлжит Их чуулган маргааш болно. Тус хурлаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох юм.
ШУА-ийн гишүүн сонгох сонгууль 2 жилд нэг удаа болдог бөгөөд энэ жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшлээ. Эдгээр эрдэмтэд өнөөдөр бүтээлийнхээ танилцуулгыг хийж байна. Тэдгээр эрдэмтний шинжлэх ухаанд оруулсан бодит үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлээс товчлон танилцуулж байна.
ЦЭНДИЙН БААТАР /Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/
Тэрээр 1993 онд “Хятадын шинэчлэлийн бодлого: Өвөр Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн зарим асуудал” сэдвээр түүхийн ухаанаар боловсролын доктор, 2007 онд “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг төлөвшүүлэх арга зам” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Иллинойсын их сургуулийн Зүүн Ази, Номхон далай судлалын төвд 1995-1997 онд зочин судлаачаар, Индианагийн Их Сургуулийн Төв Евразийн танхимд 1997-1999 онд урилгын эрдэмтэн, 2015-2017 онд Өвөр Монголын Санхүү эдийн засгийн их сургуулийн Инновацын төвд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын судалгааны багт урилгын профессороор тус тус ажиллажээ. Эрдмийн ажлын үр дүнгээр 200 гаруй судалгааны бүтээл туурвин нийтлүүлсэн байна.
Түүний судалгааны ажлын үр дүн болж гарсан санал дүгнэлтүүд нь Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих явцад өмч хувьчлах, бүс нутгийн интеграци, эдийн засгийн гадаад харилцаа, глобалчлалын асуудлаар баримтлах төрийн бодлого, хөгжлийн концепц боловсруулахад онол, арга зүй, практик зөвлөмжийн хэлбэрээр үр дүнгээ өгсөн болохыг мэргэжлийн байгууллагууд зохих ёсоор үнэлж иржээ.
ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР /Түүхийн шинжлэх ухааны доктор/
Ц.Батбаяр нь ХХ зууны Монголын түүх, ялангуяа гадаад харилцаа, геополитикийн судалгааг чанарын шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх зорилгоор монгол, орос, англи, хятад, япон зэрэг олон хэлээрх дэлхийн олон оронд хадгалагдаж буй Архивын анхдагч эх сурвалжийг түүх, геополитикийн үүднээс судалж, онол арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, томоохон суурь бүтээлүүд туурвиснаар өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлын суурийг тавьсан.
Монголын түүхийн шинжлэх ухаанд ХХ зууны түүхийн зарим асуудлыг шинээр дэвшүүлэн тавьж, шинэ дүгнэлт гаргалгаа хийж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ. Үүнд: Богд хаант Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”, 1935-1937 оны БНМАУ-Манжгогийн хилийн яриа хэлэлцээ, Халхын голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитикийн асуудал, дэлхийн II дайны төгсгөлд Их гүрнүүд БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар баримталсан байр суурь, “хүйтэн дайны” үеийн Зөвлөлт-Монгол-Хятадын гурамсан харилцааны зөрчил өрнөл, “Гуравдагч хөрш”-ийн бодлогын түүхэн залгамж холбоо зэргийг судалж нэг сэдэвт зохиолууд туурвисан.
Нийт 22 нэг сэдэвт зохиол, 13 хамтын бүтээл, 70 эрдэм шинжилгээний өгүүлэл, 34 илтгэл хэвлүүлснээс гадна олон улсын судалгааны индекстэй, мэргэжлийн түвшинд сонгон шалгаруулж хэвлэгддэг хамтын бүтээлд 5 бүлэг, мэргэжлийн сэтгүүлд 14 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, гадаад дотоодын судлаачид сүүлийн 5 жилд 60 орчим удаа ишлэл авчээ. Түүний бүтээлүүд ОХУ, Япон, Энэтхэг, БНХАУ, БНСУ-д орчуулагдан хэвлэгджээ.
ЗАЯАТЫН БАТСҮХ /мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор/
Тэрээр 1997 онд “Адууны ходоод гууртах өвчний үе дэх эзэн шимэгчийн хоорондох харьцааны онцлогийг судалж, тэмцэх арга хэмжээ боловсруулсан нь“ сэдвээр биологийн ухааны доктор (PhD)-ын зэрэг, 2010 онд “Адууны ходоод гууртах өвчний үе дэх дархлааны онцлогийг судалсан дүн” сэдвээр Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд ХААИС-ийн дэд профессор, 2014 онд профессор цол хүртжээ.
Профессор З.Батсүх нь эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнгээс олон улсын импакт фактортой сэтгүүлүүдэд нийт 24 өгүүлэл хэвлүүлж, h index нь 11 байгаа бөгөөд 2021 оны 1 сарын байдлаар 425 судлаач түүний бүтээлээс эшлэл авсан байна.
Манай улсын мал аж ахуйд ихээхэн хохирол учруулдаг үхрийн арьс, хонины хамрын хөндий, адууны ходоод гууртах, Ку чичрэг өвчнүүдийг эрт оношлох, сэргийлэх бэлдмэл бий болгох чиглэлээр судалгаа хийж, сэргийлэх вакциныг бусад судлаачидтай хамтран бэлтгэж, тэдгээрийн дархлаа төрүүлэх, хамгаалах идэвхийг судалжээ. Судалгааны ажлын хүрээнд дээрх өвчнүүдээс сэргийлэх вакцины хувилбарыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
Түүнчлэн “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд Монгол орны мал сүрэгт тохиолддог, нохойгоор дамжин мал, хүнд халдварладаг эхинококкоз (бэтэг) өвчний тархалтыг судлаж, Монгол орны байгаль газар зүйн бүсүүдээр нь халдварлалтын түвшинг тогтоосны зэрэгцээ малаас хүнд дамжин халдварладаг фасциолез өвчнийг тархалтын шинэ ареалыг тогтоож, хүнд дамжин халдварлах эрсдлийн судалгааг хийж байна.
Тэрээр бусад судлаачийн хамт салаа туурайтан амьтны шүлхий өвчнөөс сэргийлэх 5 хувилбар вакцины технологи боловсруулсан бөгөөд энэхүү технологийг Биокомибнат ХХК-д шилжүүлсэний зэрэгцээ шүлхийгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх цехийн санхүүжилтийг босгож, өдгөө Биокомбинат ХХК-д вакцины үйлдвэрлэл явуулахаар 450 сая төгрөгийн гэрээг ХХААХҮЯ-тай хийж үйлдвэрлэлийг эхлүүлсэн байна. Энэ үйлдвэрлэл амжилттай явагдсанаар Мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинатын хооронд технологи дамжуулах гэрээ байгуулж, үйлдвэрлэлийн орлогоос жил бүр 150-240 сая төгрөгийн орлогыг Мал эмнэлгийн хүрээлэнд оруулах боломжийг бүрдүүлжээ.
ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛ /Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/
Тэрээр 1997 онд доктор (Ph.D) зэрэг, 2011 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ.
Г.Батхүрэл нь эрдэм шинжилгээний бүтээл нийт 169, бичсэн ном сурах бичиг 29, редакторласан ном, бүтээл 21, монографи 21, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл 92 үүнээс гадаадад 21, эрдэм шинжилгээний илтгэл нийт 56 үүнээс гадаадад 8 бүтээлийг бичиж хэвлүүлсэн, зохиогчийн эрхийн гэрчилгээ 10, удирдаж хамгаалуулсан доктор 16, зөвлөхөөр нь ажиллан докторын зэрэг хамгаалуулсан 19, нийт 35 эрдэмтэн төрүүлсний зэрэгцээ, олон улсын 3, гадаадын их сургуулийн хамтарсан 4, нийт 7 төслийн удирдагч, багийн гишүүнээр ажилласан. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр:
- Нүүдлийн өвөрмөц соёл, хөдөлгөөнт сэтгэлгээтэй Монгол хүнийг удирдах менежментийн “ММ” онолыг боловсруулж, бусад онолуудтай харьцуулан нотолсон.
- Дэлхий дахины менежментийн онолын сургууль, урсгал, хандлагуудын хөгжлийн шинэ үечлэл, агуулгын логик загварыг боловсруулсан.
- Дэлхийн менежментийн сэтгэлгээнд Монголын өвөг дээдсийн оруулсан хувь нэмэр, баялаг өв болох түүхэн үйл явдлын хронологийг тодорхойлсон болно.
- Шинэ зууны Монголын менежментийн хөгжлийн үзэл баримтлал, Менежментийн философийн загвар боловсруулж, төрийн байгууллагад зөвлөмжилсөн.
- Менежментийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар 2018 оноос хойш ажиллаж байна. Бизнесийн удирдлагаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд 10 гаруй жил, зөвлөлийн даргаар 7 жил ажиллаж нийт 70 гаруй эрдэмтэн төрүүлсэн.
ЖАВЫН ДАВААСАМБУУ /Физик-математикийн шинжлэх ухааны доктор/
Тэрээр 2003 онд ХБНГУ-ын Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд гадны цахилгаан орны нөлөөгөөр пьезоэлектрик кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийн механизмыг судалж докторын (Dr.rer.nat) зэрэг хамгаалсан.
2020 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг “Кристалл дахь фазын шилжилтийн синхротрон цацрагийн болон нейтроны сарнилын судалгаа” сэдвээр диссертац бичиж хамгаалжээ.
Ж.Даваасамбуугийн физикийн шинжлэх ухаанд оруулсан гол хувь нэмрийг дурдвал:
Ø Орчин үеийн синхротроны үүсгүүрт гадны цахилгаан орны нөлөөгөөр кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийг судалж кварцын урвуу пьезоэлектрик эффектийг шинэ загвараар тайлбарласан. Энэхүү шинэ загварыг туршилт төдийгүй квант механикийн онолын тооцооллоор баталсан байна.
Ø Лазерын цацрагийн үйлчлэлээр зарим органик кристаллд үүсэх хэт хурдан процесс нь изотроп шинж чанар бүхий электроны түгэлтийн агшин зуурын өөрчлөлт болохыг тогтоож, завсрын энэ шинэ төлөв нь фазын шилжилтийн өмнөх метастабил төлөв болохыг илрүүлсэн.
Ø Рентген цацрагийн дифракцын шинэ арга болох поликристаллын дифракцын аргачлалыг боловсруулж, туршилтаар мөхлөг бүрийн кристалл бүтцийг тодорхойлох ажлыг анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн.
Ø Фононы пикийн өргөний хэмжээ нь торын хэлбэлзлийн унтралтыг илэрхийлдэг болохыг туршлагаар баталж фазын хэмжээ тодорхой критик утгад хүрэхэд фононы пикийн өргөн огцом буурч улмаар торын хэлбэлзлийн унтралт багасах зүй тогтлыг тогтоосон.
Ø Лазерын судалгааны лабораторийг байгуулж, бодис гэрлийн харилцан үйлчлэлийн судалгааны тодорхой аргуудыг хөгжүүлснээр Монголд лазерын физик, технологийн судалгааг хийх, хөгжүүлэх боломжийг нээсэн.
Ж.Даваасамбуу нь гадаадын 9, дотоодын 11 нийт 20 эрдэм шинжилгээний төслийг хамтран гүйцэтгэж, нийт 166 бүтээл туурвисан бөгөөд үүнээс диссертац, ном, сурах бичиг, редакторласан ном, патентын тоо 11, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 68, дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 43, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийн тоо 44 байна. Бүтээлүүд нь Web of Science, Scopus, Google scholar зэрэг мэдээллийн санд давхардсан тоогоор 745 удаа ишлэгджээ.
БЭГЗСҮРЭНГИЙН ДАГВАЦЭРЭН /анагаахын шинжлэх ухааны доктор (ScD), профессор/
Б.Дагвацэрэн 1983-1985 онд ОХУ-д “Дөрөвт исэлдсэн паримаданы зарим шинэ уламжлалын психофармакологийн судалгаа” сэдвээр анагаах ухааны дэд доктор, 1995 онд “Монгол-Төвдийн уламжлалт анагаах ухааны онол арга зүйн үндсэн зүй тогтол” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрээр 10 гаруй шинжлэх ухааны шинэ таамнал санаа дэвшүүлж, өмнө нь мэдэгдээгүй байсан 50 гаруй байгалийн нэгдлийг илрүүлж, 40 шахам шинэ эм бүтээж, 106 эмийн үйлдвэрлэлийн стандарт, технологийг боловсруулан, улсын бүртгэлд бүртгүүлж, 26 биологийн идэвхт бүтээгдэхүүн, 8 ШБОС, 42 үндэсний фармакопейн өгүүлэл, 50 гаруй арга аргачлал, зөвлөмж судалгааны 4 шинэ аргын үндэслэлийг тус тус боловсруулжээ. 1990 онд Энэтхэг улсаас 7 тонн эмийн түүхий эд оруулж, уламжлалт эмийн үйлдвэрлэлийг анх санаачлан сэргээн хөгжүүлж 86 эмийн, 2003 онд 183 эмт бодис, 177 эмийн чанарын хяналтын үзүүлэлтүүдийг тодорхойлж, 2017 онд “МУАУ-д хэрэглэгддэг түүхий эд, эмийн фармакопей”-г боловсруулж, нийтийн хүртээл болгосныг уламжлалт эмийн үйлдвэрүүд мөрдөн ажиллаж байна.
Хүрээлэнгийн эмийн үйлдвэр жилдээ дунджаар 100 гаруй нэр төрлийн 280.000-300.000 хүн тун, 300-330 сая төгрөгний үнэ бүхий эм тан үйлдвэрлэж байна. Эмийн ургамал тарималжуулах ажлыг анх санаачилж, 1990 онд Булганы Дашинчилэн суманд эмийн ургамал тарималжуулан плантаци байгуулж, 4 зүйл ургамлыг хээрийн бүсэд тариалан агротехникийн үндэслэл боловсруулан, патент хамгаалж, хагас үйлдвэрлэлийн хэмжээнд тариалдаг болгожээ.
Шинжлэх ухааны таамнал 2-ыг дэвшүүлж баталгаажуулсан бөгөөд судалгаа шинжилгээний 4 аргыг шинээр боловсруулж үндэслэлийг тогтоон хэрэглээнд нэвтрүүлжээ.
18 ном нэг сэдэвт бүтээл бичиж, 2 ном орчуулж хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 15, дотоодод 127, илтгэл гадаадад 28, дотоодод 125 бичиж хэвлүүлжээ. Мэргэжлийн шалгуур бүхий гадаадын сэтгүүлд 8 өгүүлэл хэвлүүлсэн. Хэвлэгдсэн бүтээлээс гадаадын 82, дотоодын 151 судлаач эшлэл авсан байна.
ЦЭВЭЭНИЙ НАНЗАД / техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/
Ц.Нанзадын нийт бүтээлийн тоо илтгэлүүдийг нэмж тооцвол 463 бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл 184 үүнээс гадаадад 46, дотоодод 138 хэвлүүлсэн, илтгэл 101 үүнээс гадаадад 22, дотоодод 79-ыг хэлэлцүүлсэн, нэг сэдэвт бүтээл 15, сурах бичиг 13, гарын авлага товхимол 26, эмхэтгэж редакторласан бүтээл 49, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний тайлан 41-ийг туурвисан, оновчтой санал, ашигтай загвар, зохиогчийн эрх 34, гадаадын шинжлэх ухааны хоёр академийн гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.
Тэрээр манай улсын эдийн засгийн болон экспортын гол салбар болох уул уурхайн салбарын, тэр тусмаа уулын ажлын механикжуулалтын үндсэн техник хэрэгсэл болох уурхайн машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалт, засвар техникийн үйлчилгээний систем, уул-тээврийн иж бүрдэлийн оновчтой сонголт, чанар, тэдгээрийн сэлбэг хэрэгсэлийн эргэлтийн фондын оновчлол, сэргээн засварлах технологи, ашиглалтын үеийн байгаль цаг уур, уул-техникийн болон зохион байгуулалтын хүчин зүйлсийн нөлөөлөл, эдэлгээний хугацааг оновчтой тогтоох зэрэг өргөн хүрээний судалгаа явуулж судалгааны онол арга зүйг боловсруулж уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, хууль эрх зүйг боловсронгуй болгох, гадаад харилцаа хамтын ажиллагаа, үндэсний боловсон хүчин бэлтгэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм.
Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОХУ-ын Уул уурхайн тэргүүн зэргийн бүтээлд / ГИАБ, Горный журнал “Вестник” / 30 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлээс гадаадын судлаачид гуч гаруй удаа ишлэл авчээ.
САМДАНГИЙН НАРАНТУЯА /Химийн шинжлэх ухааны доктор, профессор/
С.Нарантуяа нь судалгаа шинжилгээний ажил хийж эхлэхээсээ урт хугацааны зорилтоо - Ургамлын бодисын химийн судалгаа болон бодлогын судалгааг олон улсын түвшинд хийж Монгол улсын нэрийг олон улсад гаргах гэж тодорхойлон дараах үр дүнд хүрчээ.
Шинжлэх ухааны шинэлэг тал:
Монгол орны ургамлаас 17 байгалийн шинэ нэгдэл, түүний дотор шинэ уламжлалын 2 шинэ нэгдлийг шинжлэх ухаанд анх удаа ялгаж бүтэц байгууламжийг нь тогтоон олон улсын сэтгүүлд хэвлүүлэн, шинэ бодисын жагсаалтад бүртгүүлэн баталгаажуулсан.
Монгол оронд ургадаг 18 зүйл ургамлын биологийн идэвхт бодисын найрлага, бүтцийн талаарх суурь судалгааг явуулж нийт 105 бага молекулт нэгдлийн бүтэц байгууламжийг тогтоосноос 90 гаруй бодис нь тухайн зүйл ургамлаас анх удаа олдсон нь эдгээр 18 зүйл ургамлын талаарх шинжлэх ухааны суурь судалгааны материал болжээ.
Хортой нөлөө бүхий алкалоидын судалгааг Монголд анх удаа хийж Монгол орны малын бэлчээр нутагт ургадаг 9 зүйл ургамлаас нийт 33 пирролизидины алкалоидыг цэвэр байдлаар ялгаж, бүтэц байгууламжийг нь тогтоон тэдгээрийн хорт нөлөөг химийн бүтэц байгууламжтай нь холбон тайлбарласан байна.
Хемотаксономийн судалгааг Зохимоны төрлийн ургамлуудад анх удаа хийж ботаникийн нэршилд тодотгол баталгаа хийж болохыг тогтоожээ.
Тэрээр 2020 онд судлаач “Торгоны замын улс орны эмийн ургамлын байгалийн нэгдлүүд” номын Монголын эмийн ургамал бүлгийг англи хэл дээр бичиж АНУ-д хэвлүүлсэн нь Монголын Уламжлалт анагаах ухаан, түүнд хэрэглэгддэг эмийн ургамлын талаарх мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны баталгаа нотолгоогоор баяжуулж, олон улсад түгээн сурталчлах, улмаар монгол эмийг олон улсад гаргах шинжлэх ухааны үндэс суурь нь болж өгчээ.
Судалгааныхаа үр дүнгээр олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл - 46, дотоодын сэтгүүлд - 45 өгүүлэл хэвлүүлж олон улсын хуралд 47 илтгэл хэлэлцүүлснээс 29 нь үндсэн илтгэгч байсан байна. Эдгээр бүтээлүүд нь Scopus сайтад 290, Google Scholar сайтад 550 удаа ишлэл татагдсан байна.
ЖАДАМБААГИЙН НОРОВСҮРЭН /Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)/
Ж.Норовсүрэн 2001 онд ” Почвенные актиномицеты редких родов в основных экосистемах Монголии”” сэдвээр микробиологийн чиглэлээр (03.00.07) биологийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 2007 онд “Экология редких родов актиномицетов в почвах Монголии и их роль в почвообразовании” сэдвээр хөрс судлал, микробиологийн чиглэлээр (03.00.27 ба 03.00.07) биологийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалжээ.
Тэрээр Монгол орны хөрсөн дэх актиномицетүүдийн тархалтын зүй тогтолыг илрүүлж, улмаар тэдгээрийн экологийн төлөв байдал, функционал үүргийг тогтоожээ.
Судалгааны үр дүнд хөрсний актиномицетийн тархалтын төлөв, таксономын бүтэц нь манай орны байгалийн болон хөрсний онцлогийг илтгэн харуулах төдийгүй Монголын экосистемүүдийн чанарын нэг гол нэмэлт үзүүлэлт болж, тэдгээрийн түүхэн хөгжлийг зарим талаар урьдчилан таамаглах боломж олгож байна. Судалгаанаас Монгол орны хөрснөөс илрүүлсэн антагонист, ферментийн идэвхтэй, антибиотик нийлэгжүүлэх чадвартай өсгөврүүдийг ургамлын өвчин, хортон болон микробын эсрэг экологийн аюулгүй биобэлдмэл, эмийн эх материал болгон ашиглах практик ач холбогдолтойг тодорхойлсон байна.
Ж. Норовсүрэн нь хамтын бүтээл 2, бие даасан нэгэн сэдэвт бүтээл 4, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 134, үүнээс гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл 48, дотоодод 25, эрдэм шинжилгээний илтгэл 61, үүнээс гадаадад 54, дотоодод 7 нийтлүүлжээ.
Ж. Норовсүрэн нь Монгол орны хөрсөн дэх актиномицетүүдийн тархалт, биологийн идэвх, экологи зэрэг асуудлыг тусгасан эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ импакт фактортай болон олон улсын эрдэм шинжилгээний сүлжээнд хамрагдсан сэтгүүлүүдэд хэвлүүлсэн ба түүний судалгааны үр дүнгээс Scopus мэдээллийн санд, Google scholar-т АНУ, Англи, Франц, Герман, Итали, Тунис, Бразил, Мексик, Энэтхэг, Португаль, Колумби, Иран, Саудын Араб, Япон, Хятад, ОХУ, Монгол зэрэг Монгол зэрэг олон орны судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд 300 гаруй удаа ишлэгдээд байна.
НОРОВСАМБУУГИЙН ТОГТОХБАЯР /хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/
Н.Тогтохбаяр нь “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс-үетэнт бэлчээрийн ургамлын тэжээллэг чанар” сэдвээр 1995 онд доктор (Ph.D)-ын, “Монгол орны нөхцөлд тэжээлийн шимт чанарыг солилцлын энергиэр үнэлэх нь” сэдвээр 2005 онд доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ.
Түүний бүтээлээс гадаадын судлаачид 284 өгүүлэлд эшлэл авсан байна. Шинэ бүтээл нэг, ашигтай загвар 11, Зохиогчийн эрх 8-ийг авч, стандарт 11-ийг батлуулсан, сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинээр 9 арга зүй нэвтрүүлсэн байна.
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлд оруулсан хувь нэмэр:
Тэжээлийн шимт чанарыг хошуу будааны нэгжээр үнэлсэн хуучин үнэлгээг Олон улсын СИ системд солилцлын энергид шилжүүлсэн. Өөрсдийн судалгааны материалдаа тулгуурлан нийт 580 гаруй төрлийн тэжээлийг багтаасан “Тэжээлийн шимт чанарын хүрд”-ийг хамтран зохиож үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Олон улсын атомын энергийн агентлаг, Канадын олон улсын судалгааны төв, Японы хөдөө аж ахуйн олон улсын судалгааны төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд ХААИС-д тэжээл үнэлгээний болон биотехнологийн 3 лаборатори, тэжээлийн цех, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд тэжээлийн задлан шинжилгээний лаборатори, биотехнологийн лабораторийг шинэчлэн тохижуулахад нэг тэр бум гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм урвалжийн хөрөнгө оруулж, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлжээ. Орон нутгийн түүхий эд ашиглан мах, сүүний үхэр, зөгий, өндөглөгч тахиа, мах өөхний гахайд зориулсан импорт орлох багсармал тэжээлийн болон уураг эрдсийн премиксийн 9 төрлийн жор боловсруулж, баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн болно. Мөн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн 2015 онд гарааны “Мэргэн Хариг” компани байгуулж, “Тансаг” брэндийн зөгийн бал болон зөгийн уурагт тэжээл, цэцгийн тоос, анхилуун үнэрт лаван лаа, ариутгалын саван зэрэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
НАНЖИЙН ЭНХБОЛД /биологийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор/
Тэрээр газар тариалан, ургамал хамгаалал, бэлчээрийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр 32 жилийн турш судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, 300 гаруй бүтээл туурвижээ. Доктор (Ph.D) 4, магистрийн 6 ажлыг удирдаж, 3 шүүмж бичиж, нэгэн сэдэвт бүтээл, ном, сурах бичиг 19-туурвиж, 5 ном хянан тохиолдуулж, эрдэм шинжилгээний илтгэл 37, эрдэм шинжилгээний өгүүлэл 100, үүнээс импакт фактортай сэтгүүлд 5- өгүүлэл хэвлэн нийтэлжээ. Шинэ бүтээл, ашигтай загвар 16, стандарт технологи 13-ыг батлуулж, бодлогын баримт бичиг 3, заавар, зөвлөмж 21-ийг боловсруулж, судалгааны төсөл, шинжлэх ухаан, технологийн төсөл 21-ийг хэрэгжүүлсэн байна.
1990 оноос “Бактобромадилон бэлтгэх технологи”-ийн шалгах стандарт, хэрэглэх зааврыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, газар тариалан, бэлчээрийн гол хортон мэрэгч амьтан болох үлийн цагаан оготно, чичүүлийн эсрэг 1990-2020 онд нийт 3500 тн биобэлдмэл үйлдвэрлэж, 1.6 сая.га талбайд хэрэглэсэн нь дунджаар 85% үр дүнтэй болжээ.
2015 оноос “Bt-MN01 үйлдвэрлэх технологи”-ийн шалгах стандарт, хэрэглэх зааварыг боловсруулж, 2016-2017 онд 100 тн биобэлдмэл үйлдвэрлэж ойн хөнөөлт шавьжийн эсрэг 40.0 мян. га-д хэрэглэсэн нь 86% үр дүнтэй байв.
2015 онд “Бавариа бассиана” биобэлдмэлийн үйлдвэрлэх технологи, шалгах стандарт, хэрэглэх зааварыг боловсруулж, ойн хөнөөлт шавьж болон царцааны эсрэг хэрэглэхэд дунджаар 80%-ийн үр дүнтэй байжээ.
2016 онд “Бромодион бэлтгэх арга” технологийг боловсруулж, газар тариаланд нэвтрүүлсэн нь импортыг орлож, дотооддоо пестицид бэлтгэх инновацийн анхны ажил болсон байна.
2003 оноос “Төмсний зоорийг халдваргүйжүүлэх арга”, “Гурил тэжээл, хүнсний үйлдвэрийг халдваргүйжүүлэх арга”, “Үр тарианы агуулахыг халдваргүйжүүлэх арга”-ыг нэвтрүүлж, жил бүр гурил, тэжээл, хүнсний 10 гаруй үйлдвэр, 20 гаруй хүнс, үр тарианы агуулах, ногооны зоорь, 20 гаруй мянган тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг агуулахын хөнөөлт шавьж, мэрэгчдээс хамгаалах ажлыг практикт нэвтрүүлэн хэрэгжүүлжээ.
БАЛГАНЫ ЭРДЭНЭБАТ /Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/
Б.Эрдэнэбат 1981 онд “Техникийн ухааны дэд эрдэмтний”, 1994 онд “Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын” зэрэг тус тус хамгаалсан.
Түүний судалгааны ажлыг, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр талаас нь авч үзвэл, техникийн ашиглалтыг Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд нийцүүлэн өндөр бүтээмж, үр өгөөжтэй хэрэглэх асуудалд математикийн аппарат ашиглаж шинжлэх ухааны үндэслэлээр хандсан, машины чанар байдлын үзүүлэлтийг бууруулахгүй, он удаан жил хадгалах, зориулалтаар нь хэрэглэхэд хэдийд ч бэлэн байлгах арга хэмжээг математик загварчлалын үндсэн дээр тодорхойлж, ашиглалт, сургалт, сэргээн засварлах чиглэлээр техник-технологийн шинэ шийдэл боловсруулсан ач холбогдолтой юм.
Машины найдвартай ажиллагаа, бэлэн байдлын төвшинг тодорхойлох аргачлал боловсруулахдаа, аливаа техник “ашиглалтын мөчлөг”-ийн хугацаанд хэд хэдэн “оршихуйн төлөв” (граф состояния) дээр байж болно, гэж үзэж “санамсаргүй тохиолдлын” үүднээс шинжилж, математикийн статистик, магадлалын онол, операцийн шинжилгээнд тулгуурлаж хийсэн судалгаа нь техникийн ашиглалтыг зохион байгуулахад, технологийн шинэ чиглэл болжээ.
Техникийн ашиглалтанд нөлөөлж буй хүчин зүйлсийг буюу машины хийц, техникчдийн туршлага, төсөв хөрөнгийн хүрэлцээ, байгаль цаг уурын нөхцөл зэргийг “нэг бүхэл систем” болгож авч үзээд тухайн систем доторх харилцан үйлчлэлийн корреляцийг судласан нь техникийн шинжлэх ухаанд шинэлэг санаа дэвшүүлсэн, системийн үр ашгийг нэмэгдүүлэх онолын үндэслэл болж байна.
Системийн ажиллагааг сайжруулах асуудлыг цаг хугацааны хүчин зүйлтэй уялдуулан тооцож дараагийн 10 гаруй жилд хэрэгжүүлэх арга хэмжээг математик загварчлалын үндсэн дээр тодорхойлсон.
Б.Эрдэнэбат, 1975-2020 оны хугацаанд биечлэн боловсруулсан 140 шахам бүтээл байгаагийн дотор 19 нэрийн ном, гарын авлага; техникийн ашиглалт ба аюулгүй байдлын сэдвээр өгүүлэл, илтгэл, судалгааны ажлын тайлан зэрэг
42 нэрийн материалыг монгол, орос, англи хэл дээр бэлтгэж хэвлүүлсний дотроос 18-ыг гадаад оронд танилцуулсан байна.
Түүний бичсэн ном, бүтээлээс гадаадын 7 орны докторантууд, дотоодын 40 гаруй судлаач нар эшлэл авсан байдаг.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дотроо “оршин тогтнохуйн” аюулгүй байдлын асуудлыг хөндсөн сэдэвт судалгаа нь өндөр ач холбогдолтой байна. Тухайлбал, “Монголд учирч болзошгүй гадаадын сөрөг нөлөөг бууруулах боломж”, “Хүчирхийллийн бус тэмцэл” зэрэг ном эрэлт хэрэгцээ ихтэй бүтээл болсон.