/NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани Фүжи уулын бэлд ухаалаг хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
“Toyota” компани тээврийн хэрэгсэл, дэд бүтэц, байшин барилгуудыг дэвшилтэд сүлжээгээр холбосон системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. “Woven City” хэмээн нэрлэж буй хотыг “Toyota”-гийн хуучин үйлдвэр байсан 700 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд байгуулах юм.
Ухаалаг хот нь гурван төрлийн гудамжтай байх бөгөөд нэгээр нь бүрэн автомат тээврийн хэрэгслүүд, нөгөөгөөр нь явган зорчигчид зорчих бол гурав дахиар нь хувийн хөдөлгөөнт хэрэгслээрээ зорчих боломжтой байна. Энэхүү хотод эхний ээлжид төслийн хөгжүүлэгчид болон ахмад настнууд гэх мэт 360 орчим хүн оршин сууна.
Мөн ухаалаг хотод нийгэмд тустай инновацыг цогцлоохоор төлөвлөж байна. Тухайлбал, оршин суугчдын биеийн байдлыг хиймэл оюун ухаант технологийн тусламжтайгаар хянаж, иргэдэд роботууд өдөр тутамд туслалцаа үзүүлэх ажээ. Энэхүү хотоо “амьд лаборатори” хэмээн тодорхойлж буй “Toyota” төслийнхөө хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.