/DW/. Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагссан хүмүүсийн эсрэг хүч хэрэглэсэн явдлыг “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаалаа.
“Зэвсэггүй хүмүүсийн эсрэг гал нээснийг хүлээн зөвшөөршгүй юм. Тайван жагсаалд хүчирхийллээр хариу барьсан хэнд ч хариуцлага тооцох ёстой” гэж Гадаад хэргийн сайд нарын мэдэгдэлд дурджээ.
Мөн Мьянмарт интернэт сүлжээг тасалж, хууль тогтомжид хатуу өөрчлөлт оруулах замаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Гадаад хэргийн сайд нар Аун Сан Су Чи тэргүүтэй баривчлагдсан хүмүүсийг "нэн даруй, нөхцөл болзошгүйгээр" суллахыг уриалаад, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй хүмүүсийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгджээ.
Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан өрнүүлсээр байгаа юм. Харин жагсагчид руу аюулаас хамгаалах хүчнийхэн гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.