/BBC/. Мексикийн мансууруулах бодисын зартай наймаачин Хоакин “Эль Чапо” Гусманы эхнэрийг мансууруулах бодис наймаалсан хэмээн буруутгаж баривчиллаа гэж АНУ-ын эрх баригчид мэдээлжээ.
Өдгөө 31 настай Эмма Коронель Аиспурог “Dulles” олон улсын нисэх буудлаас даваа гарагт баривчилжээ. Түүнийг кокаин, метамфетамин, героин, марихуан нийлүүлэх хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж байгаа аж.
Х.Гусман одоо Нью-Йоркийн шоронд бүх насаар хорих ял эдэлж байгаа бөгөөд түүнийг мансууруулах бодис наймаалсан, мөнгө угаасан зэрэг гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсон юм. 63 настай Х.Гусман нь АНУ-д мансууруулах бодис нийлүүлэгч хамгийн том картель болох “Синалоа”-г удирдаж байжээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Э.Аиспурог шүүх хурал Вашингтон хотын шүүхэд цахимаар болно. Түүнийг мөн 2015 онд нөхрөө Мексикийн шоронгоос оргуулахын тулд бусадтай хуйвалдсан гэж буруутгаж байгаа юм байна.