МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр корнавирусний эсрэг "Астразенека" вакцины эхний тунг тариулсны дараа өнөөдөр ажлаа эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдтэй танилцаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллахыг зөвшөөрсөн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Улсын их дэлгүүрийн ажилтай танилцсан юм.
Улсын их дэлгүүрийн зөвхөн супермаркетын хэсэг хөл хорионы хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх үүрэгтэй ажилласан. Тус дэлгүүр нийт 25 мянган мкв талбайтай, түрээслэгч болон үндсэн ажилтан зэрэг 1000 гаруй хүн ажилладаг. Эдгээр 1000 ажилчны өрх гэр бүл, цаашлаад 10 мянга гаруй жижиг бизнесийг дэмждэг. Өдөрт дунджаар 25 мянган хүн тус дэлгүүрээр үйлчлүүлдэг байна. Дэлгүүрийн үүд хэсэгт халуун хэмжигч, халдваргүйтгэлийн бүхээг зэрэг шаардлагатай тоноглол, төхөөрөмж суурилуулжээ. Мөн иргэдийн урсгал хөдөлгөөнийг хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажилчдыг байрлуулсан тухай дэлгүүрийн удирдлага танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Өнөөдрөөс дархлаажуулах ажил эхэлсэн. Одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгаас чухал. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах хэрэгтэй. Төрөөс аль болох аж ахуйн нэгжүүдийн ажлыг хэвийн байлгаж, алдсан боломжоо эргүүлэн олж авах, хаасан бүхнээ нээх бололцоог бүрдүүлнэ. Гэхдээ халдвар хамгааллын дэглэм нэг л удаа алдахад, "Нэг хаалга - нэг шинжилгээ"-гээр хумьж авсан голомтоо буцааж алдах эрсдэлтэй. Тиймээс хувийн хэвшил, ажил олгогчид үүнд туйлын анхаарч, ажилтан, албан хаагчдынхаа халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж ажиллах ёстой" хэмээв.
Тус дэлгүүр өнгөрсөн зун галд өртсөний улмаас түрээслэгчдэд эдийн засгийн хүндрэл гарсан ч даатгалаар бүх хохирлыг барагдуулжээ. Түрээслэгчид Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгасан хөнгөлөлттэй зээлд үндэсний үйлдвэрээ түлхүү хамруулж дэмжихийг хүсэж байлаа. Их дэлгүүрийн удирдлагууд ч халдварын нөхцөл байдал хумигдсанаар, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн ажлыг тасралтгүй зохион байгуулахаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 15-17 хувийн хүүтэй байсан зээлийг жилийн гурван хувь руу оруулбал томоохон, бодит дэмжлэг болно хэмээн онцолсон юм.