Д.Сумъяабазар: Цаашид бүх нийтийн бус хэсэгчилсэн хөл хорио тогтоон ажиллана

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн  баримталж байгаатай танилцав. Мөн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нарын хамт бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил,  авсан арга хэмжээний талаар мэдээллээ. 

Тэрээр, цаашид хатуу хөл хорио Улаанбаатар хотод тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, халдвар гарсан газруудад хэсэгчилсэн хөл хорио тогтоон ажиллахаа мэдэгдлээ. "Бизнесийг, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хамгаалж ажиллана. Манай багт ЖДҮ-ийн ажлыг булаадаг хүн байхгүй. Хэрэв байвал холбогдоорой. Хотын ажлыг иргэд нь хянах туйлын чухал байна. Хотын удирдлага иргэд, ААН-үүдээ бүх талаар дэмжин, зөвлөж ажиллана" гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар хатуу хөл хориог сулруулж буй энэ өдрүүдэд албан байгууллага, ААН, хувиараа хөдөлмөр эрхлэгчид халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг идэвхтэй хийхийг уриалж, энд төр-иргэн-ААН-үүд уялдаа холбоотой ажиллах ёстойг хэллээ.

Сэтгэгдэл бичих