“Нүүх үү, суух уу судалъя” мэдээллийн аян эхэллээ

оруулсан Алсын Хараа

НҮБ-ын “Шилжилт хөдөлгөөний байгууллага” санаачлан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Швейцарын хөгжлийн агентлаг” хамтран “Нүүх үү, суух уу судалъя” мэдээллийн аяныг албан ёсоор орон даяар эхлүүллээ.

Шилжин суурьшигчдад зориулсан мэдээллийн аян манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас нийслэл хот руу шилжин суурьшихаар төлөвлөж буй иргэдийг шилжих хөдөлгөөнд хариуцлагатай, мэдээлэлтэй, судалгаатай оролцохыг уриалах юм. Мөн Улаанбаатар хотоос өөр шилжин суурьших боломжит аймаг, орон нутгийг олон нийтэд таниулах, Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэдэд албан ёсны бүртгэл хийлгэхийн давуу талыг мэдээллэх зорилготой билээ.

Нийслэл Улаанбаатар хотод зөвхөн 2020 онд нийт 39 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирснээ бүртгүүлсэн болохыг “Улсын бүртгэлийн ерөнхий газар”-аас мэдээлжээ. Энэ нь зөвхөн бүртгэл хийлгэсэн иргэдийн тоо бөгөөд шилжих хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй хэдэн мянган иргэн цаана нь байх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байв.

Нийт нутаг дэвсгэрийнхээ ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь нь төвлөрч, суурьшиж байгаа нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ачаалалыг 2-3 дахин нэмэгдүүлж шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй тулгамдсан олон асуудлыг ар араасаа дагуулсаар байгааг бид мэднэ. Түүнчлэн иргэд шилжих хөдөлгөөнд оролцохдоо шилжин суурьшихаар очиж буй газрынхаа талаар мэдээлэл дутмаг, тухайн амьдрах орчноо урьдчилан судалдаггүй, төлөвлөж бэлтгэдэггүйн улмаас очсоныхоо дараа олон сорилтуудтай тулгардаг нь судалгаагаар харагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн хүн хаана амьдрахаа өөрөө шийдэх эрхтэй боловч энэхүү эрхээ бүрэн гүйцэт эдлэхийн тулд шилжилт хөдөлгөөнд хариуцлагатай, судалгаатай, мэдээлэлтэй хандах нь чухал юм.

Сэтгэгдэл бичих