УОК өнөөдөр хуралдаж, энэ сарын 23-наас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг зэрэг явуулахаар ажлаа төлөвлөж байгаа. Энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулж байна. Мөн вакцинжуулалтын ажлыг энэ сарын 23-наас эхлүүлэх бэлтгэлээ базааж байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан комиссын шийдвэрийг танилцуулахдаа мэдээлэв. Мөн тэрбээр энэ сарын 23-наас иргэн, аж ахуйн нэгжүүдийн баримтлах дүрэм, журмын талаар танилцуулав.
Тэрбээр, “Дүрэм, журмын хүрээнд ажил амьдралын хэвийн горимд шилжиж байгаа тул нийт аж ахуйн нэгжийн 95 хувь ажиллана. Энэ хүрээнд шат шатанд ямар ажил хэрэгжүүлэхийг зохицуулсан түр журмыг боловсрууллаа. Дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөлөгч оролцсон. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд халдварын нөхцөл байдлыг ангилж, аль зэрэглэлд аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллах талаар тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт, улаан буюу дөрөвдүгээр түвшин. Энэ бол өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин бөгөөд халдвар хүн амын дунд тархсан, голомт ихэссэн үед авч хэрэгжүүлнэ. Гуравдугаар зэрэглэл нь улбар шар буюу халдвар голомтот тархалттай түвшин. Хоёрдугаар түвшин нь шар түвшин. Шар түвшин нь зөөвөрлөгдсөн алаг цоог тархалттай байна. Бид энэ сарын 23-наас шар түвшинд орох бөгөөд хэсэгчилсэн хязгаарлалтыг голомттой бүсэд авч хэрэгжүүлэхээс бусад газарт ажил амьдрал хэвийн явна. Түр журмын танилцуулга, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэх бөгөөд, УОК-оос эрсдэлийн үнэлгээнд суурилан ямар түвшинд ажиллахаа цаг тухайд нь зарлана. Иргэн, аж ахуйн нэгж бүрт хариуцлагатай байж, дэглэмээ сахих нь хамгийн чухал” гэлээ.