/Ukrinform/. Украины баруун мужуудад коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг чангатгахаар болсон тухай тус улсын сайд нарын танхимын хэвлэлийн алба мэдээлжээ.
Украины техноген, экологийн аюулгүй байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн улсын комиссын хуралдаанаас Винница, Закарпатье, Ивано-Франковск, Житомир, Черновцы мужуудад "COVID-19"-ийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэм, түүний биелэлтэд тавих хяналтыг чангатгаж, эдгээр бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцооны өвчтөн хүлээн авах чадварыг сайжруулах шийдвэр гаргасан байна.
Украинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 6 237 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь өмнөх өдрийнхөөс 45.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Халдвар авсан нийт хүний тоо 1 287 141-д хүрч, 1 134 120 хүн эдгэрсэн бол 24 852 өвчтөн нас баржээ.
Тус улсад дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл онцгой байдал зарлаж, бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд хүн амыг вакцинжуулах ажил хараахан эхлээгүй байгаа юм.