Монголын хөл бөмбөгийн холбоо болон хөл бөмбөг сонирхогч хүүхэд залуусын мөрөөдөл, тэмүүлэл болсон “Үндэсний шигшээ багийн өдөр" өнөөдөр тохиож байна.
Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ баг 65 жилийн тэртээ 1956 онд байгуулагдаж байсан түүхтэй. Харин түүнээс 45 жилийн дараа буюу 2001 онд Монголын үндэсний шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтоос анхны оноогоо авсан билээ.
Ази тивийн АШТ-д тивийнхээ томчуудтай хүч үздэг футзалын шигшээ, Азийн АШТ-ний шөвгийн наймд үлдсэн футзалын 20 насны шигшээ баг, Зүүн Азийн АШТ-ний нэгдүгээр шат, ДАШТ-ний урьдчилсан шатны эхний шатыг давсан өнөөгийн үндэсний шигшээ багийнхан, Олон улсын анхны тэмцээндээ Зүүн Азид нэрээ дуурсгасан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ, Ази тивийн тэмцээнүүдэд оролцож Монгол Улсынхаа нэрийг мандуулсан өсвөрийн шигшээ баг тэргүүтэй Үндэсний шигшээ багийн дор нэгдсэн хөлбөмбөгчид энэ өдөр өөрсдөөрөө бахархан баярладаг.
Жилийн турш энэ тамирчид, баг хамт олон хөгжөөн дэмжигчид, арын албаныхан болон Монгол Улс, эх орноороо бахархаж, шигшээ багийнхаа амжилтыг ахиулсаар байгаа юм. МХБХ-ноос дэвшүүлсэн “Нэг баг – Нэг зорилго” хэмээсэн уриан дор хөл бөмбөгийн хөгжил, дэвшил, амжилт, ялалтын төлөө ур чадвар, чансаагаа ахиулан урагшилсаар байна.