/BBC/. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын ардын жүжигчин Андрей Мягков хоёрдугаар сарын 18-нд 82 насандаа таалал төгсжээ.
Андрей Мягковыг нас барсантай холбогдуулан түүний найз нөхөд, ойр дотныхон төдийгүй улс төрийн зүтгэлтнүүд эмгэнэл илэрхийлсний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин, Соёлын сайд Ольга Любимова нар байсан аж.
Андрей Мягков “Хувь заяаны эргүүлэг” (Ирония судьбы, или С легким паром!) кинонд Женя Лукашин болон “Ийм нэгэн явдал” (Служебный роман) кинонд Анатолий Новосельцевийн дүрийг бүтээсэн нь хамгийн анх үзэгч олны таашаалыг хүртэж, кино урлагийн салбарт нэр хүндийг олжээ.
Түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байсан тухай Чеховын нэрэмжит Москвагийн урлагийн эрдмийн театрын хэвлэлийн атташе мэдээлсэн байна.
Андрей Мягков 1938 оны 7 дугаар сарын 8-нд Ленинградад төржээ. Тэрбээр 1967 онд хязгаартай тоогоор худалдаанд гарсан “Шүдний эмчийн адал явдал” хэмээх инээдмийн төрлийн кинонд дүр бүтээж кино урлагт хөл тавьжээ. Түүнчлэн 1968 онд дэлгэцийн бүтээл болсон Достоевскийн “Карамазовын хөвгүүд” кинонд Алеша Карамазовын дүрийг бүтээж байсан аж.
Харин “Хувь заяаны эргүүлэг” кино 1976 оны нэгдүгээр сарын 1-нд хамгийн анх дэлгэцнээ гарч байсан аж. Хоёр хэсэгтэй энэхүү киног Оросод шинэ жилийн баярын үеэр гаргах нь нэг ёсны уламжлал болон тогтжээ. Дараагийн жилд нь үзэгч олны сайн мэдэх “Ийм нэгэн явдал” кино гарч, 1978 онд борлуулалтаараа тэргүүлж байсан аж.