/TASS/. Америкийн ангарагнаа явагч “Perseverance” аппарат Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр амжилттай газардаж, хоёр зураг илгээжээ.
“Perseverance” аппарат Ангараг гаргийн Езеро тогооны орчимд буух ёстой байсан газраас зүүн өмнөд зүйгт 1.7 км орчим зайд газардсан байна. Гадаргуу дээр буух ажиллагаа автомат горимоор явагдсан бөгөөд 7 орчим минут үргэлжилжээ
“Perseverance” Ангараг дээрээс эртний амьдралын ул мөрийг хайх юм. Уг аппарат 3.9 тэрбум жилийн өмнө нуур байсан гэж үзэж буй Езеро тогооны бүсэд судалгаа хийнэ.
Өнгөрсөн оны долоодугаар сард Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас “Atlas V” зөөгч пуужингаар хөөргөсөн “Perseverance” нь “NASA”-гийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн том, хүнд хийгээд дэвшилтэт аппарат ажээ. Зургаан дугуйтай энэхүү аппарат Ангаргаас мөн 40 тусгай саванд дээж цуглуулах юм. Цуглуулсан дээжүүдийн ихэнхийг үлдээх бөгөөд 2026 онд ангарагнаа явагч өөр аппарат авах аж.