Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган, шинэ шатанд гаргахын төлөө байна гэдгээ тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад Америкийн талаас дэмжсэнийг онцлов. Мөн Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёрдахь компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. "COVID-19" цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулж, "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжихийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.