САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

оруулсан Алсын Хараа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2021 оны 1 дүгээр улирлын ээлжит хурлыг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний өдрийн хурлаар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн саналыг боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулан байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл орж ажиллав.

 

СТБЗ-ийн 2 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар эдийн засгийг сэргээх хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжих болон хөдөө аж ахуйн салбарт олгох хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын зорилттой уялдуулан репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх санал, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг танилцууллаа. Уг арга хэмжээний саналыг СТБЗ-ийн гишүүд дэмжлээ. СТБЗ-өөс гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас танилцуулж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавихаар тогтов.

Сэтгэгдэл бичих