Шинээр 28 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  28 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

Энэ нь хөл хорио тогтоож эхэлсэн 2 дугаар сарын 11-ний өдрөөс хойш анх удаа, нэг өдөр батлагдсан халдварын тохиолдол 30-аас доош тоогоор бүртгэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 32-58 тохиолдол нэг өдөрт илэрч байв.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 38 409   хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 27 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс, нэг нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд авсан шинжилгээнээс коронавирус илэрчээ.

Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт 27 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвартай нэг хүний ард 4-5 гэр бүл байдаг тул маш олон хүнийг хамарч болох эсдэлээс сэргийлсэн түүвэр аргаар хийж буй шинжилгээний үр дүн гарч байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотгов.

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо, БЗД-ийн  26,  СБД-ийн 18, СХБ-ийн 7, 39, Хан-Уул дүүргийн 2, 4, Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороонд шинээр халдвар илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотод халдварын тохиолдол нийтдээ 1 605, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод  1 931 тохиолдол болжээ.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 444 болжээ. ҮҮнээс 1777 нь эдгэрээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 654 хүн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих