"Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд гэр бүлийн аль нэг гишүүн хамрагдсан бол хөл хорионы хугацаанд зөвшөөрсөн салбарынхнаас PCR шинжилгээ шаардахгүй талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв.
Олон нийтийн дунд зөвшөөрсөн салбарынхан хөл хорионы үед ажилдаа явахдаа гурав хоног тутамд PCR шинжилгээ өгөх ёстой гэсэн ойлголтын зөрүү гараад буйг тэрээр мэдээлэлдээ онцлоод, өмнө нь голомттой бүс нутгаас иргэдээ татан авахдаа шинжилгээ 72 цагийн хугацаанд хүчинтэй байх шаардлага тавьж байсныг тодотгов.
Төрийн байгууллагын 5 хувь, хувийн байгууллага 15 хувь нь ажиллах шаардлага тавьснаар хөдөлгөөнийг 97 хувь хязгаарлаад буй. Тиймээс өрхийн нэг гишүүн нь PCR шинжилгээ өгсөн бол, тухайн хаягт хамт амьдардаг гэдгээ нотолсноор зөвшөөрсөн 14 салбарынхан хөдөлгөөнд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, ажиллах квотдоо багтаж буй болон ажиллах цагийн хуваарийг илтгэсэн тодорхойлолт, ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох юм байна. Мөн оршуулга, буяны ажилд оролцох хүмүүс дурын шигжилгээний цэгт хандах боломжтой аж.
Хөл хорионы үед иргэдтэй харьцах төрийн 808 байгууллагын 62 мянга гаруй албан хаагчийг энэ сарын 8-10-нд шинжилгээнд хамруулахад, бүгд сөрөг хариу гарсан байна. Гадуур сул хөдөлгөөн байхгүй тул PCR шинжилгээг дахин өгөх шаардлагагүй гэж үзжээ.
Ойлголтын зөрүү гаргахгүй байхын тулд УОК, НОК болон дүүргүүдийн Онцгой комисс өдөр бүр 16.00 цагт Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийж байгааг мэдээллийн үеэр дурдав.