Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрчээ.
ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, тус байгууллага “AstraZeneca-SKBio” /БНСУ/ компани болон Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
“Одоо вакциныг хурдан тараах бүх урьдчилсан нөхцөл бидэнд бүрдээд байна. Гэхдээ бид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
Хэд хоногийн өмнө ДЭМБ-ын шинжээчдийн баг энэхүү вакциныг хэрэглэх талаар түр зөвлөмж гаргасан байна. Шинжээчид насанд хүрсэн бүх хүнд вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай хийх ёстойг анхааруулж, "Өмнөд Африк" хувилбар илэрсэн орнуудад хэрэглэж болно гэж зөвлөсөн байна.