Ирэх долоо хоногоос иргэдийг вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна

оруулсан Алсын Хараа

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хөл хорио дуусах энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ДЭМБ-аас файзерын вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосон. Энэ долоо хоногт "Астра зеника" вакцин бүх шатны туршилт, шинжилгээгээ даваад зөвшөөрлөө авна. Монгол Улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж, тээвэрлэлтээ төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд астра зеника, файзерын вакцин оруулж ирэх аж.

Файзерын вакциныг -70 хэмд хадгалдаг учир ХӨСҮТ-д байдаг үндэсний агуулах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бэлджээ.

Эрүүл мэндийн сайд мөн "Монгол Улс 2020 оны 7 дугаар сараас "Ковакс" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад, хамрагдаад явж байна. Ковакс хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг вакцинжуулна, үлдсэн 40 хувийг манай улс өөрсдийн санхүү төсөв, худалдан авалтын зарчмаар зохицуулна. Бүх зардал төсөв Сангийн яаманд батлагдаж шийдэгдсэн. Нийт хүн амын 60 хувийг хамруулна. Дийлэнх вакцин 18-аас дээш насны хүнд хийх зөвлөмжтэй байгаа учир хоёр сая хүнийг вакцинжуулна. Одоо бол худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих