Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос энэ жил зохион байгуулах "Токио-2020" наадмын эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээллийг спорт сонирхогчдод хүргэж байна.
"Токио-2020" Олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори огцрох өргөдөл өгсөнтэй холбогдуулж, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Т.Бах: “Ерөнхийлөгч Моригийн огцрох шийдвэрийг хүндэтгэн үзэхийн сацуу уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг ойлгож байна. Түүний "Токио-2020" олимпын наадмын бэлтгэл ажилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэн, “2021 онд болох "Токио-2020" олимпын наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах үйл хэрэгт дараагийн залгамжлагчтай мөр зэрэгцэн ажиллана” гэж мэдэгдлээ.
"Токио-2020" олимпын наадмыг шалган зохицуулах комиссын дарга Жон Коутс “Найман жилийн туршид Ёширо Моритой хамтран ажиллахад хүчтэй, бүтээмж өндөртэй удирдагч байсан ба цар тахлын хүнд нөхцөлд ч оновчтой шийдлүүд гаргаж байсан. Түүний дэмжлэг болон сэтгэл зүрхээ зориулан ажилладагт гүнээ талархаж байна" гэж дурдлаа. Мөн Олимпын наадам зохион байгуулахын төлөө идэвхтэй зүтгэж буй Японы ҮОХ, ЗБХ-ны Гүйцэтгэх захирал Мүто Тоширод цаашдын үйл хэргийг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
ОУОХ нь шинээр сонгогдох нэр дэвшигчийн хяналтын хороо байгуулахыг сайшаан, гишүүдийн бүрэлдэхүүнд хүйсийн эрх тэгш, ил тод байдлыг хангах, тамирчдын төлөөллийг хамруулах зэрэг ОУОХ-ны стратеги бодлого, "Токио-2020" наадмын төлөвлөлттэй нягт уялдуулахыг зөвлөв.
Мөн "Токио-2020" наадмын гүйцэтгэх зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ЗБХ-ны бүрэлдэхүүнд хүйсийн тэнцвэртэй байдлыг сурталчлах бүлэг байгуулах төлөвлөгөөг дэмжихээ илэрхийллээ.
Хүндэт гишүүд
ОУОХ-ны хүндэт гишүүн Хулио Сезар Малионе нь Уругвайн үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Тэрбээр 1987 оноос хойш уг хороог тасралтгүй удирдаж байгаа бөгөөд Олон улсын усанд сэлэлтийн холбоо (FINA)-ны ерөнхийлөгчийн албыг хашдаг билээ .
Олимпын эргэн тойрны бусад мэдээллээс
ОУОХ-ноос гаргасан мэдэгдэлд “Токио-2020” олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ё.Моригийн гаргасан үйлдэл нь ОУОХ-ны сүүлийн 25 жилийн турш сурталчилж буй спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үзэл санаатай илэрхий зөрчилдсөн зохисгүй үйлдэл хэмээн цохон тэмдэглэв.
Олон улсын болон Зуны спорт холбоод
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Заклис, Европын хөл бөмбөгийн холбоо /UEFA/-ны Ерөнхийлөгч Александр Сеферинийг хүлээн авч уулзан, багийн спортын онцлог, цар тахлын хор нөлөө, олон улсын клубын тэмцээнүүд, Европын спортын чиг хандлагын тухай ярилцлаа.
Африкийн хөл бөмбөгийн холбоо /CAF/, Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ хооронд байгуулсан санамж бичгийн 2 жилийн ойн хүрээнд хоёр тал xөл бөмбөгөөр дамжуулан амьдралын чадварыг сайжруулах, боловсрол олгох, дүрэм журмыг дагаж мөрдөх,багийн ажиллагааг сайжруулах замаар дэвшилд хүрэх тухай хэлэлцэв.
Олон улсын гимнастикийн холбоо /FIG/-ноос уран сайхны гимнастикийн дэлхийн цуврал тэмцээнийг цуцлах болсныг мэдэгдэв. Эдгээр нь олимпын наадмын эрхийн тэмцээн байсан бөгөөд АНУ-ын Милуоки, Германы Штутгарт, Английн Бирмингем, Японы Токио хотод зохион байгуулах байсан юм.
Алжирийн үндэсний олимпын хороо хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах зорилгоор Ойн сангийн удирдах газартай хамтран “Эх дэлхийдээ зориулан мод тарья” сэдвийн дор олимпын хорооны төв байрны орчимд мод сөөг тарих ажиллагаа зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Алжирын ҮОХ-ны Ерөнхийлөгч Абдеррахмане Хаммад, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, спорт холбоодын төлөөллүүд оролцлоо. Түүнчлэн 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын хугацаанд Африкийн португал хэлтэй улсуудын ҮОХ-дын дунд олимпизмын сэдэвтэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Колумбын ҮОХ, спортын яам, тамирчдын холбооноос “Тамирчдын тархи, мэдрэлийн системийн шинжлэх ухаан” нэртэй цахим сургалт семинар зохион байгууллаа. Эхний сургалтад 100 гаруй хүн оролцсон бөгөөд цахим сургалтын зорилго нь үндэсний хэмжээнд биеийн тамир спортоор чөлөөт цагаараа хичээллэх, спортоор дамжуулан илүү сайн сайхан улсыг цогцлоох уриан дор болжээ.
Грекийн ҮОХ, Хүйсийн тэнцвэртэй байдлын комиссоос санаачилсан 3 дугаар уулзалт хэлэлцүүлгийг “Тамирчныг хамгаалах бодлого” нэрийн дор цахимаар зохион байгуулав. Хэлэлцүүлгийн гол илтгэгчээр дарвуулт завины уралдааны олимпын алтан медальт Софиа Бекатороу оролцсон бөгөөд 2000 оны Сиднейн олимпын өмнө удирдах ажилтнуудаас бэлгийн болон сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан тухай ярилаа. Мөн уулзалтад спортын сэтгэл зүйч Ани Крони, цагдаагийн офицер, сэтгэл зүйч Константина Костакоу, дээрх байгууллагын удирдлагууд байлцав.
“Парис- 2024”
Сургуулиудын дунд явуулсан өдөр бүр 30 минутын дасгал хөдөлгөөн ба Олимп, паралимпын 7 хоногийн аяны сурталчилгааны дараа “Парис-2024” клубээс санаачлан, францчуудыг өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх 20 хоногийн уриалгыг 2 дугаар сарын 9-нөөс 28-ны өдрийн хооронд зарлалаа. Уг уриалгад өдөр бүрийн дасгал хөдөлгөөний хамгийн өндөр оноо цуглуулсан хүнийг тэргэнцэртэй теннисний аварга Мишель Жереми ивээн тэтгэж , адал явдалт аяллын эрхээр шагнах юм.
“Дакар-2026”
“Дэлхийн ирээдүйн спортын гарц - Сенегал” сэдэвт сурталчилгааны үеэр "Дакар-2026" залуучуудын олимпын наадмын төлөөлөгч Ибрахима Вейд "Залуучуудын олимпын наадам нь хүүхэд залуучуудын дунд харилцан ойлголцол, хүйсийн эрх тэгш байдал, бүс нутгийн спортын хөгжлийн хурдасгуур болно гэж мэдэгдлээ. Залуучуудын олимпын наадмын хөтөлбөр эцэслэн шийдэгдсэн бөгөөд Залуучуудын олимпын наадам анх удаа Африк тивд 2026 онд бамбараа асаах юм.
"Токио-2020" олимпын наадам эхлэхээс 7 сарын өмнө Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-гаас тамирчид, дасгалжуулагчдад зориулсан цахим сургалтын платформ гаргалаа. Олон улсын паралимпын холбоотой хамтран гаргасан уг сургалтын платформд тусгай хэрэгцээ бүхий тамирчдад шаардлагатай допингтой холбоотой бүхий л мэдээллийг оруулж өгсөн гэдгээрээ онцлогтой болжээ.