Эдийн засгаа сэргээж эрүүл мэндээ хамгаалах 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний талаар Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хэлэлцсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Уг төлөвлөгөөний гол зорилго нь эдийн засгаа сэргээхийн тулд мөнгөний эргэлтийг зах зээлд шахаж оруулах юм. Ингэхдээ, мөнгө хэвлэх бус төв банканд гацаад буй зээл олголтыг нэмэгдүүлэх, 2021 онд баталсан төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх төслийг үргэлжлүүлэх, эдийн засаг сайжирч зээлжих зэрэглэл сайжирсан тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт татах зэргийг багтаажээ. Халамжийн чиглэлийн буюу мөнгө хэвлээд шууд тараах арга хэмжээ огт тусгаагүй болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэлдээ цохон тэмдэглэсэн. Тэрбээр, "Банканд байгаа нөөц хөрөнгийг зээл хэлбэрээр гаргахад Засгийн газар хамтарч зээлийн батлан даалтын сангаар хүртээмжийг нэмэх, байж болох бүх хөнгөлөлт, боломжийг дайчлах, мөн зээлийн хүүг 3 хувь буюу байж болох хамгийн доод хэмжээнд байлгах арга хэмжээ хэрэгжүүлнэ" хэмээлээ.
Дээрх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг энэ сарын 10-нд Ерөнхий сайд танилцуулсан бөгөөд нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар эцэслэн баталж олон нийтэд мэдээлнэ гэв.
Сангийн сайд Б.Жавхлан, "Дэлхийн улс орнууд цар тахал эхэлснээс хойш эрүүл мэнд, эсвэл эдийн засаг аль нэгийг нь урдаа тавьж арга хэмжээ хэрэгжүүлж байсан. Манай улсын хувьд эрүүл мэндээ өмнөө тавьж ажиллаж байсан. Сүүлийн үеийн судалгаа, нөхцөл байдлаас хамаарч эрүүл мэнд, эдийн засгийн арга хэмжээг нэгтэж явуулах шаардлага тулгарсан тул дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хариу арга хэмжээний тактикаа өөрчлөхгүй бол энэ оны 2-3 дугаар улиралд эдийн засгийн хүнд цохилтод орж, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүйд хүрнэ" хэмээв.
Тиймээс ойрын хугацаанд эхлүүлэх, үргэлжлүүлэх эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр болохуйц төсөл, тухайлбал, Эрдэнэс таван толгойд хэрэгжүүлэх мега төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн монгол талын үүрэг буюу нефть дамжуулах хоолойг бүтээн байгуулах ажилд дотоод нөөц бололцоогоо шавхаж төв банканд төвлөрөөд байгаа мөнгөн хөрөнгөөс дайчлах боломжийг эрэлхийлж буйг Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа.
Манай улс 2010-2011 онд эдийн засгийн өсөлт хамгийн идэвхтэй буюу мөнгөний нийлүүлэлт 70 хувьтай байжээ. Түүнээс хойш мөнгөний нийлүүлэлт хэвийн өсөлттэй жилүүдэд 35-45 хувь орчимд байсан бол 2020 оны жилийн эцсийн статистик мэдээгээр, 15 хувь болж буурчээ. Өөрөөр хэлбэл хэвийн үеийнхээс мөнгөний нийлүүлэлт гурав дахин буураад байгаа юм.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар, Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшсан, ДНБ-ийн хэмжээ 12 хувиар доошилсон нөхцөл байдлаас үүдэж төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд зээл гаргахгүй бүх мөнгөө эрсдэлийн сан байдлаар хадгалуулжээ. Ингэснээр, мөнгөний урсгал зогсож ажлын байр хомстож эдийн засгийн эргэлт байхгүй болж байгааг Ерөнхий сайд өмнө нь мэдээлсэн. Цар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болжээ. Тиймээс 10 их наядын цогц төлөвлөгөөний дийлэнх хэсэг нь ажлын байрыг нэмэх, хадгалахад чиглэнэ гэдгийг онцолсон юм.