Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхий сайд мэндчилгээндээ, “Ашдын бэлгэтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж, Монгол Улсын айл өрх, иргэн бүхэнтэйгээ алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна.

Эх оронд минь төдийгүй эргэх дэлхийн хүн төрлөхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авч ирлээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин их хохирол учруулсныг эдийн засагчид онцлон ярьж байна. Монголчууд бид 10 сарын турш энэхүү өвчнийг дотооддоо алдалгүй барьсан ч энэ гамшиг биднийг бүтэн тойрсонгүй. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг -6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой байсан 8 их наяд төгрөг гацсан байна.

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттай нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотлодог. Бид хамтын итгэлцэл, тэсвэр тэвчэр, нэгдмэл алсын хараа, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэхүү хүндрэлийг даван туулж чадна.

Гацсан эдийн засгийн “цусны эргэлт”-ээ хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс ч Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон. Энэ төлөвлөгөө хэрэгсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангахад “Нэг өрх-Нэг шинжилгээ” туйлын чухал юм. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олнынхоо төлөө нэг зорилгын дор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Үүний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхлүүлэх болно. Вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэх юм.

Монгол ахан дүүс ээ!

Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг ардын минь сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ. Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард иргэддээ илэрхийлье. Гучин хэмийн хүйтэнд гучин мянган Монгол төв талбайдаа цуглаж, өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинэ гучин жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй. Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хуул засагладаг шударга төр засагтай, шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.

Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийгүй. Магадгүй өнөөдөр давс мэт шорвогч хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн цаг алдалгүй гаргах болно. Төв талбай дээрээ итгэл тээн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна.

“Алсын хараа-2050” урт хугацааны бодлого ирж буй үхэр жилд бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно. Эцэг дээдэс минь гучин жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилж чадсан шиг эх орон минь гучин жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн Азийн их хүлэг улс болон хөгжих болтугай.

Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээв.

Сэтгэгдэл бичих