ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 40 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 30 468 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь Улаанбаатар-Токиогийн нислэгэээр ирсэн хүний шинжилгээнээс илэрсэн бол бусад нь Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлууд байжээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийтдээ 1409, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1735 тохиолдол болжээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 247 болж байна.
Үүнээс 1640 хүн эдгэрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 494 хүн эмчлүүлж байна.