Нийслэлд хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаад байна

оруулсан Алсын Хараа

УОК-ын шийдвэрээр өнөөдөр, 2 дугаар сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нийслэл хотод иргэд зорчигчдын  хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаад байна.

Мөн цар тахлын дэгдэлтийг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж эхэллээ.

Дөрөвдүгээр түвшинд шилжсэн Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүйг УОК, НОК-оос мэдэгдсэн. Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэн ажилдаа ирж, очих бол мэдээлэл харилцаа холбоо, эмнэлэг, эмийн сан, хүнсний худалдаа, түгээлт болон оршуулгын зан үйл зэрэг хувийн хэвшлийн дөрвөн салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувь нь хувийн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна. Тухайн ажилтан, албан байгууллагын  ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад  гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна. Томоохон хүнс худалдааны 41 зах 2 дугаар сарын 16 хүртэл амарна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулж байна. Хамгаалалтад төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж 8 цагийн хугацаатайгаар ээлж солигдож байна.

Сэтгэгдэл бичих