Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы хугацаанд ажиллахыг зөвшөөрсөн хувийн хэвшлийн байгууллагын ажилтнууд ажлын үнэмлэх, ажлын газрын зайлшгүй ажиллах шаардлагатай гэсэн тодорхойлолт болон иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинаараа зорчино.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ, “Хөл хорионы үед ажиллах 14 салбарын 9-10 нь төрийн байгууллагууд. 4 нь хувийн хэвшил юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо болон хүнс үйлдвэрлэл түгээлт, худалдаа, хувийн эмнэлэг, оршуулгын зан үйлийн байгууллагад ажилладаг хүмүүс иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, ажлын тодорхойлолтоо үзүүлээд хувийн автомашинаараа зорчино” гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан, “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэх юм. Мөн зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэд цагдаагийн алба хаагчдад учраа хэлээд хувийн автомашинаараа зорчиж болно” гэв.