BI: 2021 ОНД БНХАУ 70 САЯ ТОНН КОКСЖИХ НҮҮРС ИМПОРТЛОХ ТӨЛӨВТЭЙ

оруулсан Алсын Хараа

2021 онд БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөх төлөвтэй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолж байна. 2020 онд цар тахлын улмаас БНХАУ-ын коксжих нүүрсний импорт буураад байсан юм. Түүнчлэн оны хоёрдугаар хагаст тус улс Австралийн нүүрсний импортод хориг тавьсан нь импорт буурахад мөн нөлөөлсөн байна.

Харин 2021 онд БНХАУ-ын коксжих нүүрсний импорт цар тахлын үеийн түвшнээс өсөж, 70 сая тонн хүрнэ гэж “Bloomberg Intelligence” нүүрсний зах зээлийн төлөв байдлын тайландаа дурджээ. Хэдий тийм боловч энэхүү хэмжээ нь тус улсын ган үйлдвэрлэлээс шалтгаалан хэлбэлзэх магадлалтай гэдгийг онцолсон байна. Өөрөөр хэлбэл ган үйлдвэрлэл өссөнөөр коксжих нүүрсний импорт мөн өсөх юм. Үүнээс гадна тус улс Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш дотоодын нүүрс олборлолтоо нэмэгдүүлж байгаа нь импортод нөлөөлөхөөр байна.

“Bloomberg Intelligence”-ийн шинжээчдийн тооцоолсноор 2021 онд Монгол Улс нийт 34 сая тонн, 2022 онд 40 сая тонн коксжих нүүрс экспортлохоор байна. 40 сая тонн гэдэг нь өмнөх тооцооллоос дөрвөн сая тонноор бууруулсан дүн юм.

Үнийн хувьд 2021 оныг бүхэлд нь авч үзвэл коксжих нүүрсний үнэ тонн нь 130 ам.доллар орчимд тогтворжино гэж тооцоолсон байна. Харин 2022 онд Монголын экспортын хэмжээ өсөж, БНХАУ Австралид тавьсан хоригоо цуцалбал нүүрсний үнэ буурах төлөвтэй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Сэтгэгдэл бичих