ЦАГААН ХАД БООМТОД БАЙРШУУЛАХ PCR ТӨХӨӨРӨМЖИЙГ ЭМЯ-НД ГАРДУУЛЛАА

оруулсан Алсын Хараа

ЦАГААН ХАД БООМТОД БАЙРШУУЛАХ PCR ТӨХӨӨРӨМЖИЙГ ЭМЯ-НД ГАРДУУЛЛААЦАГААН ХАД БООМТОД БАЙРШУУЛАХ PCR ТӨХӨӨРӨМЖИЙГ ЭМЯ-НД ГАРДУУЛЛАА
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардууллаа. Уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулах бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглах юм.

Өнгөрсөн хугацаанд Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын баг болон Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын явуулын багтай хамтран зохион байгуулж байсан юм.

PCR төхөөрөмжийн батламжийг гардуулах ажиллагаа өнөөдөр /2021.02.08/ болж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ерөнхий удирдлагын газар хариуцсан дэд захирал Д.Энхболд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох, И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс ХХК-ийн Дэд захирал Ш.Нэргүй нар оролцлоо. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох “Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсийг "Ногоон бүс" байлгах чиглэлээр Засгийн газар, Эрүүл мэндийн яам онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа. Ийм цаг үед Цагаан хад боомтод байршуулах шинжилгээний аппарат өгч байгаа нь нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой юм. Цагаан хад боомтод өнгөрсөн 3 сарын хугацаанд Зоонозын явуулын багийн эмч нар ажилласан. Одоо шинжилгээ авах суурин тоног төхөөрөмжтэй болсон учраас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтраад хүний нөөц болон тасралтгүй үйл ажиллагааг хангаад явна” хэмээгээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-д талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих