“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭТТ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оноос “Хүүхдэд ээлтэй-ЭТТ” хөтөлбөрийг компанийн нийт ажилтны санаачилгаар  хэрэгжүүлэхээр боллоо. Мөн компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, 2018 оноос “Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй хэрэгжиж буй. Тухайлбал, 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж байсан бол 2019 оноос эхлэн анх удаа улсын хэмжээнд тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан юм.

Амжилттай суралцаж буй оюутнуудыг сурч боловсроход дэмжлэг үзүүлснээр өнөөдрийн байдлаар  нийт 346 оюутныг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамруулж, оюутан тус бүрд 1,000,000 /нэг сая/ төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна. Энэ жил мөн Өмнөговь аймгийн харьяат 60, бусад аймгийн 30 оюутныг тэтгэлэгтээ хамруулна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК говийн бүсийг ногооруулах зорилгоор нөхөн сэргээлтийн туршилтын талбайг 2012 онд байгуулсан бөгөөд 13 төрлийн модлог ургамлыг говьд ургуулах ажил амжилттай үргэлжилсээр байна. Улмаар  2018 онд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш нартай хамтран “Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд цаашид жил бүр тодорхой ажлууд төлөвлөн хийх юм.

Компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотойгоор уурхайн орчим 100972 ширхэг мод тариад байгаа бөгөөд нийт 85 мянган га талбайг ногооруулах зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн жил гэхэд Цогтцэций суманд байгуулсан “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэндээ 740 ширхэг мод тарьж, цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

 

Сэтгэгдэл бичих