Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 61 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 20853 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 24 цагийн хугацаанд шинээр гарсан 61 коронавируст халдварууд нь өмнөх батлагдсан тохиоллуудын ойрын хавьтлуудаас илэрлээ. Нийслэлд дэх голомтууд идэвхжилтэй байна. Халдвар голомтлон гараад байгаа газруудаас, тухайлбал, “Монгол шир” ХК-иас, СБД-ийн Бэлх дэх Гутлын цех, мөн ББСБ, нийслэлийн “Амгалан” амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас илэрч байна. Аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатарын коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1153 болсон байна. Улсын хэмжээнд каластер өвчлөлийн голомтонд 1479 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Өнгөрсөн 24 цагт 19 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1989 гарснаас 1449 хүн эдгэрсэн нь 73 хувийг эзэлж байна.