Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Talon Petroleum” компани Монголын өмнөд хэсэгт нүүрсний хийн хайгуул хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компани “Тэлмэн ресурс” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, “Гурвантэс 35” төслийн бүтээгдэхүүн хуваах гэрээнд 33 хувийг эзэмшихээр зорьж байгаа юм байна. Мөн хөрөнгө оруулагч нараас багадаа дөрвөн сая австрали долларын санхүүжилт татахаар болоод байгаагаа мэдэгдлээ.
“Тэлмэн ресурс” компани төслийн талбайд эхний шатны хайгуулын хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусаад байгаа аж. Мөн АМГТГ-тай яриа хэлэлцээ хийсэн бөгөөд ойрын саруудад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж төлөвтэй байгаа юм байна. Хайгуулын талбайн хэмжээ 8400 км квадрат. Монгол Улс, БНХАУ-ын хилээс 20 км-ийн зайтай оршдог. Мөн “Elixir Energy”-ийн амжилттай хайгуул хийж байгаа “Номгон” метан хийн нүүрсний төслийн баруун хэсэгт холгүй байрладаг юм байна.
Австралийн Хөрөнгийн биржид “Talon Petroleum”-ийн нэгж хувьцааны ханш 0.01 австрали доллар байна.