Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсаар тооцогддог БНХАУ нь өнгөрсөн онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дэлхийн бусад улс оронд шинээр байгуулсан нүүрсний станцуудын хүчин чадлаас (11.9ГВт) даруй гурав дахин их болохыг АНУ-ын “Global Energy Monitor” байгууллагын судалгаанд дурджээ. 2060 он гэхэд БНХАУ хүлэмжийн хийн ялгаруулалтгүй улс болно гэдгийг тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын индэр дээрээс (2020.09)мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь уг судалгааны дүнгээс харагдав. Богино хугацааны буюу 2030 он хүртэл БНХАУ улс энэ чиглэлд оновчтой ажиллах зорилтуудаа тодорхойлж, тууштай ажиллах шаардлагыг бий болгож байна.
“Global Energy Monitor” байгууллагаас БНХАУ-ын өнгөрсөн онд хаагдсан нүүрсний станцын дүнг оруулж тооцсон ч нүүрснээс эрчим хүч гаргах нийт хүчин чадал 29.8ГВт-аар нэмэгдсэн болохыг судалгаагаар гаргажээ. Харин дэлхийн бусад улс оронд нүүрсний станцуудын хүчин чадал 17.2ГВт-аар буурсан байна.
БНХАУ-д өнгөрсөн онд нийт 36.9ГВт-ын хүчин чадалтай нүүрсний станцуудын барилгын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Энэ нь өмнөх 2019 оны дүнгээс гурав дахин, түүнээс ч илүү хэмжээ юм. Үр дүнд нь одоо Хятадад ашиглалтад орохоор баригдаж буй нүүрсний станцуудын нийт хүчин чадал 88.1ГВт-аар хэмжигдэж байна. Мөн барилгын ажлын зөвшөөрлийг авахаар “зэхсэн” 158ГВт хүчин чадал бүхий нүүрсний станцын төслүүд байгааг судалгаанд онцолжээ. Тэгэхээр нийт 247ГВт хүчин чадал бүхий нүүрсний станцын төслүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа нь Герман улсыг бүрэн хангаад илүү гарах хэмжээ гэдгийг тайланд тэмдэглэжээ.
Гэхдээ эдгээр станцын төслүүд төдийлөн дэмжигдэхгүй байх магадлалтай. Учир нь БНХАУ-ын Засгийн газрын Байгаль орчны хяналтын группын шалгалтаар тус улсын Үндэсний эрчим хүчний газраас бохирдол ихтэй бүс нутагт буюу зүүн хэсгийн мужуудад нүүрсний станцуудын олон төсөлд барилгын зөвшөөрөл олгосныг тогтоожээ. Иймд БНХАУ-ын Засгийн газар цаашид бодит нөхцөл байдалд хүчтэй алхам хийж ажиллах дүр зураг харагдана. БНХАУ нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах урт хугацааны төлөвлөгөөндөө нийцүүлсэн богино хугацааны хөтөлбөрийг боловсруулж, илүү сайн ажиллах шаардлага үүсч байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хүрээнд ган үйлдвэрлэлийг цаашид бууруулах шаардлагатай гэж 2020 оны сүүлээр тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгдсэн. БНХАУ-ын Засгийн газраас ирэх таван жилийн төлөвлөгөөнд анх удаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлийг багтаасан бөгөөд нарийн задаргаа нь гуравдугаар сард гарах төлөвтэй. Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг Хятад улс цаашид хэрхэн ажиллах нь улс орнуудын анхаарлын төвд байна.
Эх сурвалж: http://www.mongolianminingjournal.com/