Монгол Улсаас нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфэйдянь далайн боомтод очсон талаар Хятадын CCTV агентлаг энэ сарын 4-ний өдөр мэдээлжээ.
Уг галт тэргээр нийт 100 чингэлэг бүхий 3200 тонн коксжих нүүрсийг тээвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол, Хятадын харилцан тохиролцсон тээвэрлэлтийн стандартын дагуу нүүрс тээвэрлэхэд зориулсан Монголын эзэмшлийн тусгай чингэлгүүд УБТЗ-ын Чойр өртөөнөөс Эрээн боомтоор нэвтэрч, Цайфэйдянь боомтод хүрчээ.
Ийнхүү Монголын нүүрс далайн боомтод шууд хүрч байгаа нь нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах боломж байгааг харууллаа.
Цайфэйдянь боомтын удирдлага “Бүс ба зам”, “Бээжин-Тяньжин-Хэбэйгийн хамтдаа хөгжих” санаачилгуудын хүрээнд төмөр замын тээврийн байнгын маршрутыг бий болгохоор зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь Монгол-Хятадын төмөр замуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаагийн нэг илрэл болов.