"Рио Тинто" үйлдвэрлэлийн үр дүнгээ танилцуулав

оруулсан Алсын Хараа

Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групп 2020 оны IV улирлын үйлдвэрлэлийн үр дүнгээ танилцуулсан байна. Тус группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Дэлхий нийтээр үүсээд буй томоохон сорилт болох "COVID-19" цар тахлын үед ч бид аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны гүйцэтгэлээ өндөр хэмжээнд ханган биелүүллээ" гэв.

Тэрээр "Аюулгүй, сайн гүйцэтгэл бүхий үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээний актив хөрөнгө, эрүүл тайлан баланстай хосолсноор "Рио Тинто"-гийн өөрийн хувьцаа эзэмшигч нарт илүү өндөр өгөөж хүртээх, бидний бизнесийн багцыг тогтвортой хадгалан өсгөх чиглэлээрх байр суурийг баталгаажуулан, ажиллаж буй улс, орон нутагт татвар, рояалти төлж, нийгэмд ялангуяа хөдөлмөр эрхлэлт, худалдан авалтын чиглэлээр өргөн хүрээний хувь нэмэр оруулах боломжийг нээж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

 

"Рио Тинто" нь Монгол Улсад хэрэгжүүлж буй "Оюу толгой"-н гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын цаашдын төлөвийг 12 дугаар сарын 16-ны өдөр танилцуулсан. Өмнө нь зарлаж байсны дагуу тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 10 дугаар сард эхэлж, бүтээн байгуулалтын нийт зардал 6.75 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон билээ.

Тэгвэл "Рио Тинто"-гийн зүгээс "Оюу толгой"-н гүний уурхайн блокчлон олборлох ажлыг 2021 онд эхлүүлэхийн тулд Засгийн газраас авах зөвшөөрлүүд, санхүүжилт болон эрчим хүчний шийдэл зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаагаа үр дүнгийн тайландаа дурджээ. Эдгээр асуудал нь Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үр дүнд тодорхой юм.

 

"Оюу толгой"-н гүний уурхайн хөндлөн туннелийн бүтээн байгуулалтын нийт хэмжээ 53 мянган метрт хүрч, анхны хүдэр буулгуурын бүтээн байгуулалт үндсэндээ дууссан байна. Төслийн хүрээнд хоёрдугаар босоо амнаас нийт зөөвөрлөн гаргасан материалын хэмжээ нэг сая тонныг давж, амны жилийн хуваарьт засвар үйлчилгээг алсын зайн технологи ашиглан 2020 оны 10 дугаар сард бүрэн дуусгажээ.

Гүний уурхайн IV дүгээр босоо амны эхлэлийн засвар, үйлчилгээ дуусаж, ачаалал тестлэх, баталгаажуулахтай холбоотой барилга бүтээн байгуулалт, хүлээлгэн өгөх чиглэлд төвлөрөн ажиллаж буй бөгөөд нэвтрэлтийн ажил 2021 оны эхээр эхэлнэ. Босоо ам гурав дээр эхлэлийн засвар, үйлчилгээний бэлтгэл ажил явагдаж, барилгын ажил бага хэмжээнд хийгдэж байгааг "Рио Тинто" тайландаа өгүүлжээ.

 

"Оюу толгой" нь үйлдвэрлэлийн оргил үедээ хамгийн бага зардалтай үйл ажиллагаа явуулж, 2030 гэхэд дэлхийд том зэс, алтны уурхайн нэг болох хүлээлттэй байна. Ил болон гүний уурхайгаас 2028-2036 онд жилд дунджаар 480,000 тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Гүний уурхайн хүдрийн нөөц нь дунджаар 1.52 хувийн зэсийн агууламжтай нь ил уурхайгаас гурав дахин өндөр, тонн тус бүрдээ 0.31 грамм алт агуулна гэж "Рио Тинто" тайландаа онцолжээ.

 

"Рио Тинто" үр дүнгийн тайландаа "Монгол улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурсэс компанитай хамтран УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд ажиллаж, гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг (UDP) сайжруулан, "Оюу толгой"-гоос бүх оролцогч талуудад хүртээх өгөөжийг сайжруулах тухайд нээлттэйгээр, харилцан ашигтай хамтран ажиллах байр суурьтай байсаар байгаа" хэмээн цохон тэмдэглэжээ. Эх сурвалж "AsiaMining". RTMongolia

Сэтгэгдэл бичих