Коронавируст халдварын 31 тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 2-нд хийсэн PCR шинжилгээгээр  31 хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БХД, БГД-ийн лабораториудад нийтдээ  16 960  хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Монгол шир" компанитай холбоотой голомт үүссэн. Тус компанийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн. Ингээд тухайн компаний 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн. Нийслэлийн "Амгалан" амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. НЭМҮТ-өөс эгзэгтэй цэгийн шинжилгээг 234 хүнд хийхэд 2 хүнээс халдвар илэрсэн. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмэгтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотод шинээр нэлээн томоохон хоёр голомт үүслээ” гэв.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1054, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1380 тохиолдол болжээ.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавируст халдварын нийт  1890 тохиолдол болж байна. Үүнээс 1 398 хүн эдгэрээд байгаа бол 479 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч гэртээ гарчээ.

Сэтгэгдэл бичих