УОК өнөөдөр хуралдаж коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс Улаанбаатар хотод Сар шинийн баяраар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, энэ сарын 11-23 хүртэл хөл хорио тогтоохоор болсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээллээ. Тэрбээр, “Сар шинийн баяраар бид аав ээж, ах дүүдээ золгож, анд нөхдөө урьдаг. Гэхдээ коронавируст халдварын нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүй байна. Иймд мэргэжлийн эрдэмтэн судлаачдын тооцоололд үндэслэн хөл хорио тогтоох нь зөв гэж үзлээ. Сар шинийн баяр тэмдэглэх нь ахмад буурлуудын эрүүл мэндэд их эрсдэлтэй. Тиймээс цахимаар Цагаан сараа тэмдэглэж, цахимаар нэг нэгэнтэйгээ мэндчилэхийг уриалж байна. Засгийн газар, УОК цар тахалтай тэмцэх стратегиа боловсруулан ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах, мэдээллийн ил тод байдалд тулгуурлан хийх ажлын төлөвлөгөө, шийдвэр, гарах үр дүнг нээлттэй олон нийтэд хүргэх зорилт тавьж байна” гэв.
Ташрамд дурдахад, Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар өнгөрсөн сарын 4-нд шийдвэрлэсэн юм.